Хятад дахь хүний эрх зөрчсөн үйлдлүүдийг эсэргүүцэн Бээжинд удахгүй болох өвлийн олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх боломжийг Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэлэлцэж байна. “Times” сонинд бичсэнээс үзвэл ийм арга хэмжээ авч магадгүйгээ урьд нь мэдэгдсэн АНУ-ын жишээг Британи дагах нь зүйтэй, эсэх тухай хэлэлцүүлэг тус улсын Засгийн газарт өрнөжээ. Британийн гадаад хэргийн сайд Элизабет Трасс эл санааг дэмжиж буй аж.
Өвлийн XXIV олимп Бээжинд 2022 оны хоёрдугаар сарын 4-20, паралимпийн наадам гуравдугаар сарын 4-13-нд болох юм. АНУ-ын засаг захиргаа Бээжингийн олимпод дипломат эсэргүүцэл үзүүлж, албаны хүмүүс илгээхгүй байхаар төлөвлөснийг “Washington post” сонин өнгөрсөн долоо хоногт уламжилсан билээ.