“Богд Зонхова” бурхны хөшөөг улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгөөр барих Засгийн газрын тогтоол 2021 онд батлагджээ. Улмаар төсөвт өртгийг нь 32 тэрбум гаруй төгрөг болгон нэмэгдүүлж, ирэх оны улсын төсөвт суулгасан байна. Энэ төсөл Соёлын сайд Ч.Номингийн багцад багтаад зогсохгүй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг багцыг баталсан байгаа юм.
Иргэдийн эгдүүцлийг төрүүлж буй “Богд Зонхов” бурхны хөшөөг барих асуудлын талаар Соёлын сайд Ч.Номин дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр цахим хуудастаа “Түүх, шашны соёлыг дэлгэр бүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье” хэмээжээ.