Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)- ийн шүүгч бус гишүүн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах асуудал анхнаасаа ихээхэн маргаан дагуулсаар хэдэн хүнийг томилох боллоо. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн хэмээх нэр нөлөө бүхий эл сонгон шалгаруулалтад 29 хүн өрсөлдөж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилсон ажлын хэсгийнхний санал хураалтаар Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Баасанжав, Н.Мөнгөнцэцэг, Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг гэсэн зургаан хүнийг сонгоод байгаа.
Үүний цаана ямар их эрх ашиг, улс төрийн ашиг хонжоо нуугдаж буйг нийгэм, улс төрийн хүрээнд өрнөж байгаа үйл явдлаас бэлээхэн харж болно. Үндсэн хуульд зааснаар бол ШЕЗ-ийн гишүүн нь шүүгч бус хүн байх ёстой ч нэр дэвшигчдийн олонх нь шүүх, хууль сахиулах байгууллагад ажиллаж байсан, ямар нэгэн хэмжээгээр шүүхэд ойр хүмүүс орж ирсэн нь шүүмжлэлийн бай болов.
Түүгээр ч зогсохгүй нөлөө бүхий банканд хуулийн зөвлөгөө өгч байсан, хувьдаа хуулийн фирмтэй, хуулийн байгууллагаар шалгуулж байгаа хүмүүс гэдгийг тал талаас нь онцолж байна. Энэ мэтээр асуудал олон байгаа учраас УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авчихаад буй нь зүйн хэрэг. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд бодлого ярьдаг, хуулийг утгаар нь хэрэгжүүлэх, Үндсэн хуулиа дээдэлдэг хүн сонгогдох учиртай гэдгийг салбарын сайд төдийгүй УИХ-ын гишүүд ч сануулсаар байгаа.
Тэгвэл нэр дэвшигч Нагвачамбын Баасанжав гэхэд ХААН банкны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, хувьдаа хуулийн фирм ажиллуулдаг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаж буй юм.
Магадгүй ШЕЗ-ийн гишүүн болчихоод шүүгч нарыг сонгон шалгаруулж томилно. Бүрэн эрхээ хэрэгжүүлж дууссаны дараа хуулийн фирмээ ажиллуулан томилсон шүүгч нарынхаа хянан шийдвэрлэж буй хэрэг маргаанд өмгөөлөгчөөр оролцон өөрсдийнхөө талд шийдвэр гаргуулж ч болзошгүйг бодолцох ёстой санагдана. Нөгөө талаас нэр нөлөө бүхий улстөрчид ХААН банкны хувьчлалын төлөө ил, далд тулаан өрнүүлж байгаа энэ үед тус банкны хуулийн зөвлөх байсан, хувьдаа фирмтэй хүн сонгон шалгаруулалтад дэмжлэг аваад ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн болох гэж байна гэдэг чухам ямар учиртай юм бол. Магадгүй нөлөө бүхий улстөрчдийн дэмжлэг байхыг ч үгүйсгэхгүй. Хардахаас өөр аргагүй үйл явц өрнөж байна. Тэднийг сонгон шалгаруулахын тулд нээлттэй сонсгол хийж, УИХ-ын зарим гишүүн болон салбарын сайд тэдэнтэй илэн далангүй ярилцаж, болох болохгүйг нь хэлэлцсэн ч бүгд л “нэрээ татахгүй” хэмээн дайрцгааж буй билээ.
Энэ нээлттэй сонсголын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нэр дэвшигч Ренчиндоржийн Онончимэгт хандан “Та Монголын нотариачдын танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт холбогдон шалгуулж, энэ хэрэг нэг талдаа ч гараагүй байхад дээшээ дэвшиж болохгүй” гэсэн утгатай зүйл хэлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Р.Онончимэгтэй холбоотой, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн талаар маш олон хүнээс санал, гомдол ирүүлж байна. Нэрээ татах хүн байна уу” гэх зэргээр өөрсдийнхөө байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлж, нэр дэвшигчдэд ашиг сонирхлын зөрчил бий, эсэхэд ихээхэн анхаарсан.
Асуулт асуусан гишүүд бүгдээрээ шахам “Та нарын ар талд хэн байдаг юм” гэцгээж байв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэр дэвшигч Н.Баасанжавт хандан “Дээд суруулийн нэг шалгалтад багш нар аргалах гээд дэвэн дэлхийн юм хамж яриагүй шүү. ШЕЗ цаашид Шүүхийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярих байтал жорлон яриад хэдэн минут авлаа. Энд ирсэн хүмүүс бүгд цаг, нартай. Та энд бодлого ярих ёстой” хэмээсэн. Үүнээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарыг харлуулах гэсэн дайралт илтэд цацагдах болов. Зөвхөн өрнөж байгаа процессоос харахад нэр дэвшигчдийн зүгээс ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний албан тушаалд очих гэсэн ашиг сонирхол ихээхэн байна. Нэр дэвшигчдийн ар талд ямар том дэмжлэг, эрх ашиг нуугдаж байгааг давлагаалж байгаа мэдээллээс шууд харж болохоор. Магадгүй ХААН банкны хувьчлалын асуудалтай холбоотой улстөрчдийн дэмжлэг ч үүнтэй холбоотой байх магадлалтай гэх хардлага бий. Х.Нямбаатар Үндсэн хууль, шүүхийн шинэчлэлийн төлөө УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга байхаасаа ажилласан, салбарын сайдын хувьд ч тэдний томилгоонд анхаарал ихэд хандуулж, болохгүйг нь шүүмжилсэн л хэрэг. Ийм эрх түүнд бий.
Ерөнхийдөө нэр дэвшигчид ШЕЗ-ийн гишүүн болохоосоо өмнө нийгэмд нэр нүүрээ барчихлаа гэх үгийг ч гишүүд хэлж байсан. Улс төр, бизнесийн бүлэглэлийн, тэдний гар хөлүүд ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд санаархаж байна гэсэн мэдээлэл ч цацагдах болов. Өдгөө тунаж үлдээд байгаа зургаан хүнээр жишээ авахад бүгд ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн ч байж болзошгүй нь харагдана. Нэр дэвшигч Н.Баасанжав, Р.Онончимэг нараас гадна Д.Зүмбэрэллхамын тухайд төрийн олон чухал албанд ажиллаж байсан хүн. Тодруулбал, Цагдаагийн академийн дэд болон тэргүүн дэд захирал, Ерөнхийлөгч Н.Энхбаярын хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн дарга, Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, УИХ-ын Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн гишүүн гээд тоочоод байвал урт жагсаалт бүрдэнэ. Тиймээс энэ удаа нэрээ татаад орондоо ашиг сонирхлын зөрчилгүй, хамаарал бүхий хүмүүсийнх нь хэн нэг шүүхэд ажилладаггүй хуульчдын нэрийг дэвшүүлсэн бол зүгээр сэн.
ШЕЗ эртнээсээ сайн нэртэй яваагүй байгууллага гэхэд хэтийдэхгүй. Эхлээд Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын ажлыг давхар гүйцэтгэж байгаад Улсын дээд шүүхийн харьяанд шилжсэн ч шүүгчдийн танил тал, гэр бүлийн хүмүүс очих болсон гэдэг. “Шударга бусын хонгил” гээч чухам энэ үеэс эхэлж, хууль, шүүхийн байгууллага хэн нэг эрх мэдэлтэн, мөнгөтэй хүнд үйлчилдэг болсон гэх яриа эндээс үүсэлтэй гэж болно. Тиймээс бие даасан үйл ажиллагаа явуулахаар тусад нь байгуулсан ч шүүхийн системтэй зөрчилдөх болсон гээд амаргүй замаар 30-аад жил явж өнөөдрийн шийдэлд хүрээд буй билээ. Харамсалтай нь, мордохын хазгай гэгчээр нэр дэвшигч шалгаруулахаасаа эхлээд ашиг сонирхлын зөрчилтэй болон хууль журмаа, зөрчсөн нөхдийг сонгон оруулж ирснийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Тэгэхээр сонгон шалгаруулах ажлын хэсэгт ямар нэг учир байж болох. Нэр дэвшигчдийг харж байхад сонгон шалгаруулах ажлын хэсэгт хэн нэгэн эрх мэдэл бүхий улстөрч нөлөөлсөн болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр Хууль тогтоох дээд байгууллагын гишүүд нь үнэхээр хууль сахиулагч, ард түмний төлөөлөл юм бол зургаан нэр дэвшигчийг УИХ-аар дэмжихгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл шүүгч бус гишүүдийг ард түмний төлөөллийн дээд байгууллага сонгож байгаа гэсэн үг. Тодотговоос, Шүүхийн тухай хууль, тэр дундаа эл хуулийн 14 дүгээр бүлэг дэх ШЕЗ, түүний бүрэлдэхүүн, бүтэц, зохион байгуулалт, хэрхэн байгуулах тухайд дөрөв дэх удаагаа хууль батлаад буй. Ийнхүү баталсан шинэ хуулийнхаа дагуу ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг томилох гэж элдэв хэл аманд өртсөн, ашиг сонирхлыг зөрчилтэй байж болзошгүй нөхдийг оруулж ирэн тэднийгээ томилуулах гэж элдэв аргаар зүтгүүлж буй нь харамсалтай хэрэг. Магадгүй цаашлаад шүүхийн, эрх зүйн системийн шинэчлэлд ч чөдөр, тушаа болохыг үгүйсгэхгүй.
Бэлтгэсэн Г.Равжаа