Үндсэн хуулийн шинэ байгууллага болох Шүүхийн сахилгын хороо 9 гишүүнтэйгээр өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томиллоо.
Шүүхийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нар ажиллахаар боллоо. Цэвээнсүрэнгийн Давхарбаяр нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, Доржгочоогийн Ариунтуяа нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга, Думбурайн Мягмарцэрэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ахлах референт, Дашзэвэгийн Эрдэнэчулуун нь Монголын олон улсын арбитрт арбитрч, Хашгамбайн Хашбаатар нь Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.
Мөн өнгөрсөн аравдугаар сарын 11-нд нийт шүүгчийн анхдугаар чуулган болсон. Энэ үеэр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасны дагуу Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгосон юм.
Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас сонгохоор хуульчилсан.
Нийт шүүгчийн дунд явуулсан нууц санал хураалтаар олонхын санал авсан Улсын дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Очирбатын Номуулин, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Сономдовчингийн Энхтөр, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Баясахын Сугар нарыг Сахилгын хорооны шүүгч гишүүнээр сонгогдсон юм.
Сахилгын хорооны гишүүнд тавигдах шаардлага:
Тус хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх шаардлагатай. Харин бусад гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх ерөнхий шаардлагыг хангасан байна. Мөн шүүгч бус гишүүний хараат бус байдлыг шалгуур болгох үүднээс тусгай шаардлагууд тавигдана. Тухайлбал, сүүлийн 5 жил шүүгч, Ерөнхий зөвлөлийн гишүүн, шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагатай.
Сахилгын хорооны үйл ажиллагаа:
Сахилгын хороо нь үйл ажиллагаагаа хуралдаан хэлбэрээр явуулах ба хуралдаанаас захирамж, тогтоол, магадлал гаргана. Мөн сахилгын хорооны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс ажлын албатай байхаар зохицуулсан бөгөөд бүтэц, орон тоо, үйл ажиллагааг зохицуулах дүрэмтэй байна.
Шүүгчтэй холбоотой сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь сахилгын зөрчлийн тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, Сахилгын хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэх, гомдол, эсэргүүцэл гаргах, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бүрдэнэ. Үүнээс гадна, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэг бүхий шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнтэй холбоотой ёс зүйн өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, хянан шийдвэрлэх журмыг хараат бус, бодитой байх зарчимд нийцүүлэн батлах чиг үүргийг Сахилгын хороо хэрэгжүүлэхээр байна.