Террорист “Исламын улс” бүлэглэлийн орлого идэвхтэй үйл ажиллагаа явуулж байх үед нь жилд 1.2 тэрбум гаруй ам.долларт хүрдэг байжээ. Тус бүлэглэлийн санхүүг хариуцдаг байсан, сарын өмнө Иракийн эрх баригчдын баривчилсан Сами Жасимыг байцаахад энэ тухай дурдсаныг “Al Arabiya” телевиз уламжлав. Террористууд зэвсэглэсэн дээрэм хийх, хүн хулгайлах болон нефть хууль бусаар хил давуулан наймаалах замаар орлого олдог байсан гэнэ. 2019 онд устгасан толгойлогч Абу Бакр аль-Багдадигийн орлогч асан Жасимын мэдүүлгээс үзвэл Иракийн хэмжээгээрээ хоёрт ордог том хот Мосул хот оршдог Найнава мужийн худалдаачид, чинээлэг иргэдээс л гэхэд “Исламын улс” удаан хугацааны турш сард 500 мянга орчим ам.доллар авдаг байжээ. Үүний сацуу Иракийн “Al-Qaidah” сонины цахим хувилбарт бичсэнээр босогчид Сири, Иракийн нутаг дэвсгэр дэх өөрсдийн хяналтад байдаг шоронгоос олон мянган хоригдлыг аюулаас хамгаалах албаны офицер, ажилтнуудын нэрсийг хэлснийх нь төлөө сулласан гэнэ. Нэрийг нь олж авсан офицер, ажилтнуудыг мөшгөж, хороодог байсан аж.