Оны эхний таван сарын байдлаар ОХУ-ын 80 бүс нутагт газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үнэ нэмэгджээ. Байгалийн хойд бүсэд хамгийн их буюу 14.2, Москвад 7.3, Санкт-Петербургт 3.4 хувиар өссөн байна. Үүнтэй холбогдуулан ОХУын Монополийн эсрэг алба нефтийн томоохон компаниудад өндөр торгууль ногдуулна гэж мэдэгдсэнийг gazeta.ru мэдээлэв. Тус улсын Статистикийн газрын судалгаанаас үзвэл бензиний үнэ энэ оны тавдугаар сард өмнөх сараасаа зургаан хувиар өсөөд буй аж. Тодруулбал, Аи-80, А-92 бензин 6.3, Аи-95 болон өндөр октантай бензин 5.2, дизель түлш 3.5 хувиар нэмэгджээ.
Жижиглэнгийн худалдаанаас гадна боловсруулах үйлдвэрийнхэн бас үнээ өсгөсөн байна. Өнгөрсөн онд газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид А-92 бензинийг 12.33 рублиэр хэрэглэгчид санал болгож байсан бол энэ оны тавдугаар сараас 13.36 рублиэр борлуулж байгаа аж. Нөгөөтэйгүүр газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны дундаж үнийг боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэтэй харьцуулбал 1.8-2.0 дахин үнэтэй байна. Гэтэл дотоодын зах зээлийн жижиглэнгийн үнийн харьцангуй их хувийг ШТС-ын нэмэгдэл эзэлдэг аж. Ялангуяа Москва хотын ШТС-уудын нэмэгдэл өндөр байдаг гэнэ. ОХУ-ын Монополийн эсрэг алба “ЛУК ойл”, “Газпромнефти” болон “Роснефть” компанийг үнэ хөөрөгдсөн гэж үзэж байгаа аж. Тус албаны дарга Игорь Артемьев “Компанийн борлуулалтын орлогын нэгээс доошгүй хувиар торгууль тавина гэж хуульд заасан байдаг. Үнэ хөөрөгдөх үйл явц давтагдаж байгаа тул үүнээс өндөр торгууль ногдуулна” гэж ярьжээ. Түүнчлэн ийм асуудал давтагдвал компанийн удирдлагуудыг Эрүүгийн хуулиар шийтгэнэ гэж мэдэгдэв. Мөн Оросын тээврийн хэрэгсэл эзэмшигчид эсэргүүцлийн арга хэмжээ дахин зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ.