Хүнд бэртэх нь мэргэжлийн бокст байдаг л зүйл. Боксчид ясаа хугалж, тархиа доргиож л байдаг. Зарим тохиолдолд бэртэл гэмтлээр тогтохгүй амь насаа алдах нь ч бий. Кубын Бенни Парет 1962 оны гуравдугаар сард Америкийн Эмиль Гриффиттэй дэлхийн аварга цолны төлөө тоглож байгаад түүнд хэд хэд цохиулаад ухаан алдсан байна. Тэгээд ухаан оролгүй байсаар Манхэттений нэг эмнэлэгт нас барсан аж. Үүнээс үүдэн боксын тэмцээнийг 10 жил телевизээр шууд дамжуулахыг больжээ.
…Одоогийн Дэлхийн боксын холбооны үндэс болсон Үндэсний боксын холбооны дэлхийн аварга шалгаруулах хагас дунд жингийн тэмцээний 12 дахь ээлжийн тоглолт болж байв. Нэг нь нөгөөхөө буланд шахан, цээж, толгойг нь хайр найргүй балбаж гарлаа. Лав 20 гаруй удаа цохиход нөгөөх нь эсэргүүцэл ер үзүүлэхгүй, арай ядан гараараа хамгаалахыг оролдоно. Ийм байдлаар нэг минут орчим болов. Цохиулсан боксчин бүр болохоо байгаад рингийн хашлага түшчихээд тогтож ядаж байхад ч шүүгч нь тоглолтыг зогсоосонгүй.
Одоо эмч үзэж буй тоглогч бол Кубын иргэн Бенни Парет. Тэр 25 настай, дэлхийн аварга юм. Яллаа хэмээн гараа гозгонуулаад байгаа нь америк эр Эмиль Гриффит. Тэрбээр Паретаас нэг дүү, дэлхийн аварга байгаад цолоо алдсан хүн. Энэ бол тэдний эхний тоглолт биш, урьд нь 1961 оны дөрөв, есдүгээр сард хоёр удаа “уулзсан” байв. Эхлээд Бенни цэвэр ялагдаж, дараа нь оноогоор ялж байжээ. Тулаанчид биендээ таагүй ханддагаа сүүлчийнх болсон гурав дахь тоглолтоосоо нэлээд өмнөөс нэгэнт илэрхийлчихсэн болохоор Манхэттенд болох тулаан хүмүүсийн хорхойг ёстой нэг хөдөлгөж байсан нь зүй ёсных. Гэхдээ спортын энэ өрсөлдөөн үхэлд хүргэнэ гэж хэн ч таамаглаагүй нь мэдээж.
Гриффит ядаж л мэргэжилтнүүдийн бодлоор энэ тоглолтын гарцаагүй ялагч гэгдэж байлаа. Боксчдын боломжийг цэгнэхдээ Парет тийм ч сайн бэлтгэлгүй байсныг нь тэд мэдээж харгалзсан байж таарна. Юуны түрүүнд энэ тоглолтоос дөрвөн сарын өмнө тэрбээр чансаа тогтоох тоглолтод Америкийн Жан Фуллмерт ялагдаад сэхээ авч чадаагүй байв. Гэхдээ ч Гриффитийн урилгыг хүлээж авах нь Кубын тамирчны хувьд нэр төрийн хэрэг. Цаашилбал, Гриффит даагаа нэхэхийг ихэд хүсэж байв. Шүүгчдийн саналаар ялагдсанаа зөвшөөрөхгүй байсан тэрбээр ямар ч маргаангүй хүнд цохилтоор унагахыг л гол зорилгоо болгож байжээ.
Тэдэнд хараал ерөөл хэлэх бодитой шалтгаан байгаагүй ч өнгөрсөн хэдэн жилийн туршид бие бие рүүгээ муу үг шидэлцсээр байв. Энэ нь уг шоуны олны анхаарал татах нэг хэсэг байсан нь ойлгомжтой. Гурав дахь тоглолтын өмнө жингээ үзүүлж байхдаа Гриффитийг “марикон” (ижил хүйстнээ сонирхдог эрчүүдийг испаниар ийн хэлдэг) гэж Парет хэлсэн нь гал дээр тос хийсэн явдал болов. Америк эр тэр даруй зодоон үүсгэсэн ч зогсоосон аж. Эцэст нь Гриффит бэлгийн харилцааны ийм чиг хандлагатайгаа хүлээн зөвшөөрчээ. Энэ тухайд тухайн үед хэн ч мэдээгүй байжээ.
Тоглолтын зарыг АНУ-ын телевизийн томоохон сувгийн нэг АВС олонд хүргэв. Тэгээд 1962 оны гуравдугаар сарын 24-ний орой болсон уг тоглолтыг хэдэн сая хүн ажиглаж байлаа. Тэд сайхан юм үзнэ гэж хүлээж байв. Үнэхээр ч тоглолт сайхан, сонирхолтой эхэлжээ. Тав дахь ээлжийн тоглолт болтол хоёр тамирчин тэнцүүхэн байснаа зургаа дахь ээлжийн төгсгөлд Кубын боксчин өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялдгийн даваан дээр хугацаа дуусаж Гриффитийг аварсан аж. Удалгүй Паретийг өөр хүнээр сольчихсон мэт цохилт нь хүчгүй болж, хамгаалахаас хэтрэхээ болилоо. Ингээд 12 дахь ээлж болтол тэрбээр өрсөлдөгчийнхөө довтолгооныг тогтоох төдий байснаа хүчин мөхөстөх нь тэр.
Сүүлчийн ээлжийн тоглолтын эхнээс л Гриффит довтолгоонд оров. Тэрбээр хэд хэдэн угсраа цохилт хийхэд Парет олигтой хариу өгч чадсангүй. Тэгэхдээ Кубын тамирчин сөрөг довтолгоон хийх гэж бас оролдсон ч Гриффит хамгаалаад байлаа. Паретийн ганц цохилт л өрсөлдөгчийн эрүүнд тусжээ. Гэлээ ч америк тулаанч хяналтаа алдсангүй. Парет барилцаж авахаас аргагүйд хүрэв. Шүүгч Руби Голдштейн Кубын тамирчныг сэхээ авхуулахын тулд боксчдыг салгалаа. Парет сөхөрч байгааг мэдэрсэн Гриффит довтолгооноо улам эрчимтэй болгож, өрсөлдөгчийнхөө цээж рүү хэд хэд хүчтэй дэлсэж, түүнийг дэвжээний зах руу шахав. Парет толгой руу нь ирэх цохилтуудаас зайлсхийхийн тулд бариад авахаас өөр арга байсангүй. Шүүгч тоглолтыг дахин түр зогсоож, эхлүүлмэгц л Паретийн шанаанд хүнд нударга буув. Тэнцвэрээ алдсан тэрбээр дэвжээний булан бараадлаа. Энэ л буруу алхам байв. Буланд очоод Парет эсрэг үйлдэл ер хийсэнгүй, хөл дээрээ тогтож ядаж байлаа. Өөрийнх нь цохилт хоорондын зайг ашиглан Парет сөрөг цохилт хийх нь битгий хэл хамгаалах гэж ч оролдохоо больсныг нь Гриффит анзаармагцаа хөдөлгөөнөө цэгцлэн толгой руу цохиж гарлаа. Уг тоглолтыг тайлбарлаж байсан спортын сэтгүүлч “Энэ бол өнөөдрийн тоглолтын хамгийн аймшигтай ээлж” гэж хэлсэн байдаг. Тэрбээр Гриффит 29 удаа цохисныг тоолжээ. Тоглолтыг шүүгч зогсооход Парет нэгэнт ухаангүй болсон байлаа. Түүнийг дамнуургаар шууд эмнэлэг рүү аваачжээ. Арав хоноод Кубын тамирчны зүрх зогсжээ.
Энэ үхэл олон түмнийг боксын талаар өөрөөр ярьж эхлэхэд хүргэв. АВС суваг тулааны сүүлчийн агшныг хэд дахин давтаж үзүүлэв. Үзэгчдийн сэтгэл нэн дундуур байлаа. Спортдоо харгис хэрцгий хандлагын гэрч нь хүүхдүүд болсноос ийм тоглолт, тэмцээнийг үзүүлэхийг хориглохыг эцэг, эхчүүд шаардлаа. Шаардлагыг хүлээн авч 10 жилийн хугацаанд боксын тоглолтыг шууд дамжуулж үзүүлсэнгүй. Үзэгчдэд дахин үхэл харуулчих вий хэмээн болгоомжлохоос яалтай. Мэргэжлийн боксын байр суурь ийм хэврэг байж үзээгүй юм.
Энэ тохиолдлыг цагдаагийн байгууллага, Нью-Йорк мужийн Спортын комисс, Боксын нэгдсэн холбоо хянаж шалгалаа. Гриффит болон тоглолтыг цагийг нь олж зогсоогоогүй шүүгч хоёрыг буруутай гэж үзсэн ч Паретийн үхэлд албан ёсоор хэнийг ч буруутгасангүй. Шүүгч Голдштейн үүнээс хойш дахин дэвжээн дээр гарсангүй. Тэгэхдээ боксчны үхэлд өөрийгөө буруутай гэж тэр үзэхгүй байлаа. “Шүүгчээр ажиллах хугацаандаа Кубын тамирчин хэсэг хугацаанд ялагдаж байгаа янзтай байснаа сэхээ авч “алаад өгөхийг” нь нэг бус удаа харсан. Тэр л байдал бий болж байна гэж бодсон. Парет чинь үзүүлээд өгдөг залуу” хэмээн Голдштейн өөрийн хандлагыг тайлбарласан байна.
Гриффитийн хувьд гэвэл түүнийг алуурчин гэж үзээгүй ч үнэндээ түүнд тун хүнд байлаа. Болж өнгөрсөн явдалтай тэр эвлэрч чадахгүй байв. “Шүүгч зогсоохгүй болохоор нь би цохиод л байсан. Түүнийг шалан дээр хэвтээд өгөхийг би хүссэн” гэж тэр сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлжээ.
Олон нийт мэдээж Гриффитийг гэмт хэрэгтэн гэж үзэж их хатуу ширүүн хандаж байлаа. “Өдөр гудамжаар явахад хүмүүс над руу нулимж, шөнө хар дарж зүүдлээд байсан” гэж тэрбээр дурсан ярьсан байдаг. Парет амьсгал хурааснаар миний тулаанчийн сайн чанарууд байхгүй болсон гэж хүлээн зөвшөөрсөн аж. Гэхдээ түүний амьдралд ялалт цөөнгүй тохиолджээ. Гриффит дунд жинд өгсөж, домогт Дик Тайгерийг ялж дэлхийн аварга болсон байна. 1964 онд нэр хүндтэй “Ринг” сэтгүүлийн асуулгаар оны шилдэг боксчин болжээ. 1990 онд буюу боксыг орхисноосоо олон жилийн хойно Гриффит Олон улсын боксын алдрын танхим (Нью-Йорк мужид байдаг)-д заларсан аж.
Паретийн гэргий нь хоёр хүүхэдтэйгээ үлдэв. Бага нь эцгээ нас барсны дараа мэндэлжээ. “Галын дэвжээ: Эмиль Гриффитийн намтар” гэдэг баримтат кино 2005 онд гарав. Паретийн хүүтэй Гриффит уулзаж буйг энэ кинонд харуулжээ. Гриффиттэй тэврэлдэхдээ хүү “Таныг уучилсан” гэж хэлсэн байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант