Нэгэн иргэнээ хилс хэргээр шийтгэж, 26 жил шоронд хорьсныхоо дараа өршөөл үзүүлсэн явдал АНУ-ын Хойд Каролина мужид болов. Донтэ Шарп хэмээх эр “Би буруугүй гэдгээ нотлохын төлөө 26 жил тэмцсэн” гэж суллагдсаныхаа дараа BBC-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр 1994 онд баривчлагдаж, хүн амины хэргээр шоронд суужээ. Тухайн шүүх хурлаас хэдэн сарын дараа гэмт хэргийн гэрч Шарпын эсрэг өгсөн мэдүүлгээсээ татгалзсан аж. Тэр үеэс л гэм зэмгүйгээ нотлохоор тэмцсээр 26 жилийн дараа суллагдсан Шарпыг олон хуульч дэмжиж байсан гэнэ. 2019 оны сүүлээр Шарп шоронгоос суллагдсан юм байна. Гэхдээ энэ нь эрх чөлөөнд хүрэх эхний алхам байсан бөгөөд тэрбээр мужийн Амбан захирагчийг уучлалт хүсэхийг шаарджээ. Түүний хүсэлтийг биелүүлж энэ сарынн 12-ны баасан гарагт Хойд Каролина мужийн захирагч Купер гэмгүй хэрэгтнийг бүрэн цагаатгаж буйгаа дуулгаад нөхөн төлбөр олгох талаар мэдээлжээ. Шарп үлдсэн амьдралаа шоронд байгаа, гэм зэмгүй хүмүүсийн эрхийн төлөөх тэмцэлд зориулахаар шийдсэн бөгөөд Хойд Каролина мужид эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн төлөө ажиллаж байгаа аж.
Ташрамд өгүүлэхэд, 2014 онд Гана улсад өсвөр насны нэгэн хүү хилс хэрэгт унаж, хоригджээ. Максвелл 16 настайдаа хүүхэд хүчирхийлсэн хэргээр баривчлагдсан бөгөөд түүнийг ялтан болгохын тулд хууль сахиулагчид иргэний үнэмлэхийг нь засварлан насыг нь хоёроор нэмсэн гэнэ. Хэдийгээр Максвелл шоронд хоригдож байсан ч итгэл найдвараа алдалгүй бурханд итгэх болсноор номлогч болоод, өнгөрсөн зургадугаар сард суллагджээ.
2019 оны хаврын эхээр АНУ-ын Чикаго хотын захад гурван хүн уулзав. Тэд дээрэм хийх талаар ярилцсан нь дэмий хоосон зүйл байсангүй. Тэдэнд аз тохиосон бол олон сая доллар халааслаад гэм зэмгүй өнгөрөх байлаа.
Хуйвалдагчдын нэгийг Эмануэль Борисов гэнэ. Тэрбээр биеэрээ дүүрэн шивээстэй, олон удаа гэмт хэрэг хийж, бусниулж явсан нэгэн. Нөгөө нэгийг нь Евгений Копанков гэх бөгөөд Калифорнийн хар тамхины мафитай өргөн хэлхээ холбоотой хүн байв. Тэд Болгараас АНУ-д ирсэн. Гурав дахь нь Иракт дайтаж явж ирээд Борисовтой хамт ажиллаж байсан тэнгисийн явган цэрэг Пол Брукс гэгч аж. Борисов, Копанков хоёрын сайн таних, хар тамхины дунд зэргийн наймаачин Иван Иллиевийн мөнгийг дээрэмдэх нь тэдний зорилго байж. Иван болон хоёр өөр болгар хүн барилгын жижиг компанитай, хар тамхины нууц наймаагаа түүгээрээ халхалдаг байжээ. Хэдэн сарын дараа Иллиевийн олсны ургамал тарьдаг талбайг Газар ашиглагчдын товчооны ажилтнууд агаараас ажигласан байна. Ингээд уг талбайг ажиглалтад авч, дараа нь цагдаа нар тэнд очиж, дөрвөн тонн гаруй хар тамхи илрүүлжээ. Цагдаа нарын нэг нь “Нэг газраас олсон хар тамхины хамгийн их ургамал энэ байсан” гэж хожим нь ярьсан байдаг.
Энэ нууц талбайд ажилладаг 30 орчим хүний олонх нь Зүүн Европоос цагаачилж ирсэн аж. Талбайн ойролцоо Иллиев байхыг хууль сахиулах байгууллагын ажилтнууд нэг бус будаа харсан ч түүний буруутайг нотолж хариуцлага хүлээлгэж чадаагүй л байлаа. Хүлэмжээ алдсанаар Иллиев бизнестээ хохирол үзсэнгүй. Борисов хоёр сая гаруй доллар өвөрлүүлээд өөр хүнийг Иллиев рүү явуулахдаа мөнгийг нь хулгайлж авчрахыг даалгажээ. Иллиев гэртээ нууж байгаа 400 мянган долларыг аваад нэмчихвэл хөөрхөн мөнгө болно гэж бодсон аж.
Дээрэмчид ял шийтгэл хүлээхгүй өнгөрнө гэдэгтээ эргэлзэхгүй байв. Эргэлзэхгүй байх үн дэслэл ч байж. Иллиев шиг хүн гомдол нэхэж цагдаа нар луу гүйнэ гэж үү, тийм учраас л хуультай сөргөлдөнө гэж санаа зовохгүй байлаа.
Иллиевээс дээрэмдэж авсан мөнгөө Иллинойс муж руу явуулахын тулд өөр нэг хүнийг элсүүлжээ. Буу, нүүр халхлах баг олохоо Копанков амлалаа. Ажиллагаа төлөвлөсөн ёсоор явах боломжгүй болбол нөхдөө хамгаалах үүргийг Брукст даалгав. Энэ хуваарь бүгдийн санаанд нийцлээ. Харин олзыг Иллинойст хүргэх үүрэг хүлээлгэхээр сонгосон хүнд болгоомжлох юм нэлээд байлаа. Тэрбээр “Та нар тэр хүнийг үүдэнд нь бариад автал мөнгө гэрт байгаа гэвэл яах вэ. Гэтэл гэрт нь таван хүн буутай хүлээж байвал та бүхэн юу хийх юм бэ гэх мэтээр лавшруулахад Борисов “Юу хийхээ тухайн үед нь шийднэ” гэсэн бүрхэг хариулт өгөв.
Шинэ хүн яагаад ингэж асуугаад байгаагийн учрыг дээрэмчид ухаж ойлгосонгүй. Дээрэм хийхэд оролцохыг Борисов түүнд санал болгоход тэр даруйд нь нөгөөх чинь Холбооны мөрдөх товчоо (ХМТ) руу утасдан бүгдийг нь хэлж орхив. ХМТ-ны ажилтнууд урьд нь өдөөсөн хэргийнх нь улмаас Копанковын нэрийг мэдэх болсон байв. Иллиевийн хүлэмж рүү дайрсны дараа удалгүй ХМТ, Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд хоёр машиныг саатуулжээ. Калифорни руу хувийн онгоцоор хүргэсэн ачааг тэдгээр машинаар зөөсөн байв.
Цагдаагийнхан машинаас хар тамхины ул мөр илрүүлсэн ч ямар ч хориотой бодис тэндээс олсонгүй. Харин нэгжлэг хийсний дүнд мөнгө дүүрэн чихсэн найман чемодан олов. Хоёр сая орчим доллар байлаа. Нэг машинаас нь Копанковын гар утас гарав.
Олсон мөнгө нь Баруун эргийн, зард гарсан нэг гэмт хэрэгтэн, “Мексикийн” гэх бүлэглэлийн толгойлогч Эдгар Гарсия гэгчийнх байжээ. Нэг жилийн өмнө үл хөдлөх хөрөнгө наймаалаад орлогоо мексик, болгарчуудад хуваагаагүйгээс үүдэж Иллиев, Гарсия нарын харилцаа мууджээ. Тэгвэл Копанков Гарсияд их найдлага тавьж байсан аж. Иллиевийг Гарсиягийн бүлэглэл дээрэмдэх гэж байна гэсэн цуурхал дэгдээхийг Копанков санал болгосон байна. Тэгвэл мексикчүүд дээрэмджээ гэдэгт итгэх болно гэж Копанков боджээ. Ийм маягаар сэжгийг өөрсдөөсөө зайлуулахаар Копанков, Брукс, Борисов нар тооцсон байна.
Хүлээн авсан мэдээлэл нь ХМТ-ныхонд их тус болжээ. Гуравдугаар сарын 30, дөрөвдүгээр сарын 1-нд Борисов, Брукс, Копанков нартай мэдээлэгч дахин уулзав. Тэрбээр энэ удаа ХМТ-ны өгсөн дуу хураагчийг биедээ нуусан байлаа. Түүний авчирсан мэдээллээс гэмт хэрэг хийх төлөвлөгөөг өөртөө их найдсан хүмүүс юм уу, “усан толгойтой” хүн зохиожээ гэж ХМТ-ны ажилтнууд дүгнэв.
Товлосон хугацаа ойртох тусам дээрэмчид улам цухалдаж байлаа. Иллиевийг тийм ч хялбархан дээрэмдчихгүй гэх эргэлзээ Борисовт төрөх болжээ. Эцэст нь эхний төлөвлөгөө хэтэрхий эрсдэлтэй гэж үзэв. Учир нь Иллиевийн гэрийн орчим хамгаалалт сайтай байлаа.
Тиймээс гар дээрээ гурван сая орчим доллар бэлнээр байлгах магадлалтай Сергей гэгчийг онилохыг Копанков санал болгов. Борисов үүнийг зөвшөөрлөө, тэгэхдээ Иллиевийг орхилгүй дараагийн ээлжид тэднийд “зочлох” нь зүйтэй гэсэн бодолтой байлаа. Түүгээр ч зогсохгүй “барилгын” фирмийг Иллиевтэй хамтран эзэмшдэг, Борисовын авсан мэдээллээр 5-6 сая доллартой гэх Владо, Гало нарийг бас онилжээ. Сергейн “учрыг олсны” дараа тэднийг дээрэмдэж болох юм.
Эхний золиосоо өөрчилсөн ч үйл ажиллагааны төлөвлөгөө бараг хэвээр байлаа. Эзнийг нь хулгайлж, тамлаж байгаад мөнгө нь хаана байгааг мэдэж аваад, өөрийн болгох. Бори сов, Брукс хоёр нисэх онгоцоор Калифорнид очихоор боллоо. Копанков зэвсэг хариуцаж, машинаар Сергейнд очих байв. Гурвуул нисэх онгоцны буудал дээр уулзаад тэндээсээ Сергейх рүү зүглэж, түүнийг хүлээж байгаад боломж гармагц машиндаа түлхэж оруулна. Ийм л энгийн төлөвлөгөөтэй.
Ажил үүргээ хуваарилж аваад Борисов, Брукс, Копанков, ХМТ-ны мэдээлэгч дөрвүүл шаардлагатай гутал, хувцас, үүргэвч авахаар ойрын дэлгүүр лүү очжээ. Мэдээлэгч Борисов, Брукс хоёрт онгоцны тасалбар авсан байлаа. Мэдээж ХМТ ч тэдний ирэхийг хүлээж, бэлтгэсэн байв.
2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны 17.30 цагт Иллинойсоос онгоц ирэхэд буудлыг ХМТ-ны ажилтнууд болон цагдаа нар бүсэлсэн байлаа. Онгоцонд нисэж явахдаа архи угаад амжчихсан Борисов, Брукс хоёрыг шатаар бууж явахад нь баривчлав. Копанковыг онгоцны буудалд ирэхээс нь өмнө хараандаа аваад ХМТ-ны ажилтнууд замын хөдөлгөөнийг хаачихсан байжээ.
Ийнхүү гурвуул дээрэмдсэн мөнгөтэйгөө баривчлагдах нь тэр. ХМТ-ныхонд баримтжуулсан нотлох баримт болон тэдний ярианы бичлэг байв. Бичлэгийг нөгөө мэдээлэгч хийсэн байлаа. Тэглээ ч Борисов, Брукс, Копанков гурав өөрсдийн бурууг хүлээсэнгүй, тэгээд барьцаагаар суллагдав.
Хоёр жилийн дараа болгарчууд хэргээ хүлээлээ. Тэднийг дээрэм хийх зорилгоор үгсэн хуйвалдсан, хүн хулгайлсан гэж буруутгасан бөгөөд ийм хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноох хуулийн заалттай юм. Копанковыг энэ ял айлгасангүй, 2021 оны зургадугаар сард болсон шүүхийн хуралд тэрбээр гэмт хэрэг хийхээсээ өмнө АНУ-ын иргэн болсон байснаа нэг бус удаа онцолжээ. Тэдний хэргийг удахгүй шийднэ.
Бэлтгэсэн Р.Жаргалант