Нэгэн иргэнээ хилс хэргээр шийтгэж, 26 жил шоронд хорьсныхоо дараа өршөөл үзүүлсэн явдал АНУ-ын Хойд Каролина мужид болов. Донтэ Шарп хэмээх эр “Би буруугүй гэдгээ нотлохын төлөө 26 жил тэмцсэн” гэж суллагдсаныхаа дараа BBC-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр 1994 онд баривчлагдаж, хүн амины хэргээр шоронд суужээ. Тухайн шүүх хурлаас хэдэн сарын дараа гэмт хэргийн гэрч Шарпын эсрэг өгсөн мэдүүлгээсээ татгалзсан аж. Тэр үеэс л гэм зэмгүйгээ нотлохоор тэмцсээр 26 жилийн дараа суллагдсан Шарпыг олон хуульч дэмжиж байсан гэнэ. 2019 оны сүүлээр Шарп шоронгоос суллагдсан юм байна. Гэхдээ энэ нь эрх чөлөөнд хүрэх эхний алхам байсан бөгөөд тэрбээр мужийн Амбан захирагчийг уучлалт хүсэхийг шаарджээ. Түүний хүсэлтийг биелүүлж энэ сарынн 12-ны баасан гарагт Хойд Каролина мужийн захирагч Купер гэмгүй хэрэгтнийг бүрэн цагаатгаж буйгаа дуулгаад нөхөн төлбөр олгох талаар мэдээлжээ. Шарп үлдсэн амьдралаа шоронд байгаа, гэм зэмгүй хүмүүсийн эрхийн төлөөх тэмцэлд зориулахаар шийдсэн бөгөөд Хойд Каролина мужид эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн төлөө ажиллаж байгаа аж.
Ташрамд өгүүлэхэд, 2014 онд Гана улсад өсвөр насны нэгэн хүү хилс хэрэгт унаж, хоригджээ. Максвелл 16 настайдаа хүүхэд хүчирхийлсэн хэргээр баривчлагдсан бөгөөд түүнийг ялтан болгохын тулд хууль сахиулагчид иргэний үнэмлэхийг нь засварлан насыг нь хоёроор нэмсэн гэнэ. Хэдийгээр Максвелл шоронд хоригдож байсан ч итгэл найдвараа алдалгүй бурханд итгэх болсноор номлогч болоод, өнгөрсөн зургадугаар сард суллагджээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант