Монголын зохиолчдын эвлэлийн 17 дугаар Их чуулган энэ сарын 12-нд Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Чуулганд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүд, орон нутгийн салбар хорооны гишүүд мандатын эрхтэй 268 төлөөлөгч оролцож, Удирдах зөвлөлийн даргаа сонгохдоо нууцаар санал хураажээ.
Гишүүдийн олонхийн саналаар МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар Төв номын сангийн дарга, яруу найрагч Б.Ичинхорлоог томилсон байна.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, "Сайхан өдрийн мэнд хүргэе. Өчигдөр болсон Монголын Зохиолчдын Эвлэлийн 17 дугаар их чуулганд монголын зохиолчдын эвлэлийн гишүүд, орон нутгийн салбар хорооны гишүүд мандатын эрхтэй 268 төлөөлөгч чуулж, удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо. Удирдах зөвлөлийн даргын сунгаанд миний бие мөрийн хөтөлбөрөө танилцуулан, үнэмлэхүй олонхийн саналаар ирэх дөрвөн жилд их айлыг удирдах үүрэг хүлээлээ. Их хуралдаа зорин ирж, их утгазохиолын ирээдүйн төлөө сэтгэл тавьж, бодлоо чилээж, саналаа хэлж, дэмжиж, шүүмжилж, шинэ санаачлага, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан Эрхэм нөхөддөө баярлалаа. Та бүхний онгод билиг дүүрэн, уран бүтээл арвин, амьдрал нь аз жаргалтай, дэлгэр сайхан байх болтугай. Хичээж ажиллана аа" гэжээ.
Монголын зохиолчдын эвлэлийн Их чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулж, Удирдах зөвлөлөө сонгодог. Өнгөрсөн дөрвөн жил буюу 2018-2021 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, С.Буяннэмэхийн шагналт зохиолч, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн До.Цэнджав МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байсан билээ.