Азербайжан, Армени хоорондын хилийн байдал мягмар гарагт эрс хурцдав. Бакуг хил зөрчихийг оролдсон хэмээн Арменийн БХЯ буруутгасан бол Ереваныг байрлал руу нь халдсан гэж Азербайжан мэдэгджээ. Ереван Москвагаас тусламж хүсэж, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Азербайжан, Арменийн Батлан хамгаалахын сайд нартай утсаар хэлэлцээ хийсний дараа байлдааны ажиллагаа зогссон байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Арменийн Ерөнхий сайд Никол Пашинянтай хилийнх нь нөхцөл байдлын талаар ярилцжээ.
Азербайжаны хилийн Келбажар, Лачин хэсэг дээрх өндөрлөгийг эзлэн авах ажиллагааг Арменийн цэргүүд эхлүүлж, төрөл бүрийн калибрын зэвсэг, гранат харвагчаар эрчимтэй гал нээсний улмаас хоёр цэрэг шархадсан гэж Азербайжаны БХЯ-наас мягмар гаргийн өглөө мэдэгдсэн юм. Харин Азербайжаны дайралтыг няцаах хариу арга хэмжээ авч эхэлснээ Арменийн тал мэдэгджээ. Үүний дараа тус хоёр улсын хилийн зүүн хэсэг дэх Арменийн байрлал руу гал нээж эхэлсэн байна. Арменийн эрх баригчид үдээс хойш Москвад хандан нутаг дэвсгэрийг нь Азербайжаны цэргүүдийн дайралтаас хамгаалахыг уриалжээ. Арменийн Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Армен Григорян энэ тухай телевизээр мэдэгдэхдээ Борис Ельцин, Левон Тер-Петросян нарын 1997 оны наймдугаар сард гарын үсэг зурсан Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай Орос-Арменийн гэрээний дагуу Москвад хандсанаа тодруулав. Уг баримт бичгийн гуравдугаар зүйлд гуравдагч улсын түрэмгийлэлд өртсөн тохиолдолд талууд харилцан цэргийн тусламж үзүүлж, бүх талаар эсэргүүцнэ гэж заасан байдаг. Азербайжан, Арменийн хил дээр энэ сарын 8-15-нд зэвсэгт мөргөлдөөн хэд хэдэн удаа гарсан нь ийнхүү өргөжжээ. Энэ нь 44 өдрийн дайн дууссанаас хойш тус хоёр улсын хил дээр гарсан хамгийн ноцтой зөрчилдөөн болов.