Сенегалын Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйг эсэргүүцсэн хүмүүс жагсаал зохион байгуулсан тухай AFP мэдээлэв. Тус улсын нийслэл Дакарад болсон уг жагсаалын үеэр хүмүүс төрийн өмчийн “Senelec” компанийн байр руу дайран орж, гал тавьсан байна. Жагсаалыг тараах гэсэн цагдаа нарын өмнөөс жагсагчид эсэргүүцэл үзүүлсний улмаас мөргөлдөөн гарч 100 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр тус улсын Ерөнхийлөгч Абдулай Вад ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн гэнэ. Тэрбээр “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж буй хүмүүсийн хүсэлтийг харгалзаж үзнэ. Парламентын хуралдаанаар энэ тухай хэлэлцэж, шийдвэр гаргана” гэжээ. Жагсагчид Дакара хотыг эрчим хүчээр хангадаг компанийн байр руу дайран орж, үймээн дэгдээсний улмаас хот хоёр хоногийн турш гэрэл, цахилгаангүй байгаа гэнэ.