ОХУ хиймэл дагуул эсэргүүцэх зэвсэг туршсаны дараа дэлхийн тойрог зам дахь Олон улсын сансрын станцад аюул учруулах хаягдал үүссэн тухай АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед Прайс мэдэгдэв. Түүний хэлснээс үзвэл хуучин хиймэл дагуулуудынхаа нэгийг ОХУ пуужин харваж устгаснаас 1500 эд зүйл үүссэний хөдөлгөөнийг хянаж болох бол олон мянган жижиг хэлтэрхий нийт хүн төрөлхтний эрх ашигт аюул учруулах эрсдэлтэй аж. Радио, техникийн тагнуулын зориулалттай “Космос-1408” хиймэл дагуул устгасныг АНУ-ын Сансрын командлал нотолжээ. Москва туршилт явуулахаа урьдчилан анхааруулаагүй болохыг Пентагоны төлөөлөгч Жон Кирби мэдээлсэн байна. Үүнээс өмнө өнгөрсөн оны зун ОХУ хиймэл дагуул эсэргүүцэх зэвсэг туршлаа хэмээн АНУ, Британи мэдэгдэж байв. Тэр нь тойрог зам дахь хиймэл дагуулаас нь жижиг биет салах үйл явц байсан гэсэн тайлбарыг тухайн үед Оросын тал өгсөн аж. Хиймэл дагуул устгах технологийг Москвагаас гадна АНУ 1959, Хятад 2007, Энэтхэг 2019 онд туршсан байна.