Ливийн удирдагч М.Каддафийг баривчлах зөвшөөрлийг Гаагийн шүүх гаргасан тухай “Аль-Жазира” агентлаг мэдээлжээ. Ливийн Хууль зүйн сайд Мохаммед альГамуди энэ талаар хэлэхдээ “Олон улсын эрүүгийн шүүх (Гаагийн шүүх) бол гуравдагч ертөнцийн удирдагчдыг мөрдөх гэсэн барууны орнуудын хэрэгсэл. М.Каддафийг баривчлах зөвшөөрөл олгосныг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тэр өөрөө ч, түүний хүү Сейф альИслам Каддафи ч төрд ямар нэгэн алба хашдаггүй” гэсэн байна. Эрх баригчдыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан хүмүүс рүү гал нээх тушаал өгсөн хэмээн М.Каддафийг буруутгаж байгаа юм. Түүний хүү Сейф аль-Ислам, мөн Ливийн Тагнуулын албаны дарга Абдулла аль-Сануси нарыг эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр амиа алдсан хүмүүсийн үхэлд буруутай хэмээн Гаагийн шүүх үзэж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн, иргэний дайны үеэр энгийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд нас барж, хэдэн мянган хүн эх орноо орхин өөр улс руу дүрвэсэн билээ.
Х.ОД