БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун бүтээн байгуулалтын томоохон ажил өрнөж буй баруун хойд нутгийнхаа Самжиён хотод зочилжээ. Тэрбээр сүүлийн сар гаруй хугацаанд анх удаа олны өмнө гарсан нь энэ юм.
Пэкту уулын хормойд орших тус нутаг БНАСАУ-ын удирдагч агсан Ким Жөн Ирийн мэндэлсэн газар бөгөөд Самжиён хотыг хөгжүүлэх нь Ким Жөн Уны гол төслүүдийн нэгд тооцогдсоор иржээ. Тус улсын хэвлэлүүдэд бичсэнээс үзвэл Ким Жөн Ун дээрх төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй хүмүүсийн хүчин чармайлтыг өндөр үнэлээд, бүтээн байгуулалтын ажил энэ онд дуусахыг мэдэгдсэн гэнэ. Эл үйл явдал нь эдийн засгийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөөний эхний жил дуусахаас өмнө, Ким Жөн Ун төрийн эрхэнд гарсны 10 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд гаргасан ололт амжилтаа харуулах арга зам хэмээн БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам тодорхойлжээ