Америкийн сэтгүүлч Дэнни Фенстерийг Мьянмарын шоронгоос суллажээ. АНУ-ын дипломатч асан Билл Ричардсон Мьянмарын эрх баригч цэргийн хунттай хэлэлцээ хийсний дараа түүнийг сулласан байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Frontier Myanmar” цахим сэтгүүлийн ерөнхий редактор Д.Фенстерийг Цагаачлалын болон жагсаал цуглаан хийх тухай хууль зөрчсөн хэмээн 11 жил хорих ял оноосон нь олон улсын шүүмжлэлд өртсөн юм. Д.Фенстер нь Мьянмарт өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд гарсан цэргийн эргэлтээс хойш баривчлагдсан олон арван сэтгүүлчийн нэг тэрбээр Янгон хотын олон улсын нисэх буудлаас тавдугаар сард баривчлагдаж, 176 хоног хоригдсон байна. АНУ-ын Конгрессын гишүүн асан, Нью-Мексико муж улсын захирагчаар ажиллаж байсан Б.Ричардсон Мьянмарын цэргийн хунтын удирдагч Мин Аун Хлаинтай биечлэн уулзсан юм. Сэтгүүлчийг Б.Ричардсон, Японы хоёр байгууллагын төлөөлөгчдийн хүсэлтээр хүмүүнлэгийн үндэслэлээр сулласныг Мьянмарын телевизээр мэдээлжээ.