Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар утсаар анх удаа холбогдож, аюулгүй байдлын салбарт харилцаагаа бэхжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиолцлоо. К.Фүмио Францыг Японы онцгой түнш хэмээгээд, Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутаг дахь оролцооныхоо талаар стратегийн төлөвлөгөө гаргаж, Европын Холбоондоо манлайлж байгааг нь сайшаажээ. Харин Э.Макрон өнгөрсөн сарын 4-нд тангараг өргөсөн К.Фүмиод баяр хүргээд, НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх бага хурлын үеэр Япон Улс дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг тэглэхэд хувь нэмрээ оруулахаар амласныг онцлон тэмдэглэсэн байна.
Үүний сацуу коронавирусийн цар тахал, Африк дахь халдварын нөхцөл байдал, БНХАУ, БНАСАУ-тай холбоотой бүс нутгийн асуудлаар санал солилцож, 1970, 1980-аад оны үед БНАСАУ-д хулгайлагдсан Японы иргэдийг эх оронд нь буцаахын төлөө хамтран ажиллахаа тэд мэдэгдэв.