Хятад болон Америк харилцан ашигтай хамтран ажиллаж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдентай цахимаар уулзахдаа мэдэгдлээ.
Жозеф Байденыг өнгөрсөн нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноос хойш тэдний хийсэн анхны уулзалт энэ юм. Уур амьсгалын өөрчлөлт, “Ковид-19” цар тахал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтод хариу үр дүнтэй арга хэмжээ авч, олон улсын байдлыг тайван, тогтвортой байлгахын тулд БНХАУ болон АНУ хоёр талын харилцаагаа эрүүл, тогтвортой байлгах шаардлагатай гэж Си Зиньпин мэдэгдсэнийг Хятадын төв телевиз уламжилжээ. Тус хоёр улс дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хувьд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстойг тэрбээр тэмдэглэсэн байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден цахим уулзалтын үеэр гол чиглэлүүдээр олон улсын хамтын ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэснийг Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав. Тодруулбал, “Бидний эрх ашиг давхцаж буй, ялангуяа уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн амин чухал асуудлаар санал зөрөлдөж байгаа зүйлийн талаар ил тод, шударгаар ярилцаж, хамтран ажиллахын тулд эрүүл саруул ухаанаар зарим зүйлд хил хязгаар тогтоох хэрэгтэй гэж бодож байна” хэмээн Америкийн удирдагч хэлээд, тус хоёр улсын харилцаа дэлхийн бусад оронд томоохон нөлөө үзүүлдгийг онцолсон байна.
Үүний сацуу “Вашингтон “нэг Хятад” зарчмыг баримталж, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй. АНУ Хятадын эсрэг эвсэд байгуулж, тус улстай зөрчилдөхгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден мэдэгджээ. Тэрчлэн бүх улс нэг дүрмээр тоглох ёстойг тэрбээр тэмдэглээд, АНУ өөрийн ашиг сонирхол, үнэт зүйлс, холбоотнууд, түншүүдийнхээ эрх ашгийг үргэлж хамгаалахыг мэдэгдэв. Мөн АНУ, БНХАУ-ын эрх баригчид улс хоорондын өрсөлдөөнийг мөргөлдөөнд хүргэхгүйн тулд чадах бүхнээ хийх ёстой гэв. Тэрбээр Си Зиньпинтэй биечлэн уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Уулзалтыг 1+5 хэлбэрээр зохион байгуулсан аж. АНУ-ын засаг захиргаанаас мэдээлснээр цахим уулзалтад Америкийн талаас Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Сангийн сайд Жанет Йеллен, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Энэтхэгийн болон Номхон далайн асуудал хариуцсан зохицуулагч Курт Кэмпбелл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Хятад улсыг хариуцсан ахлах захирал Лаура Розенбергер нар оролцов. Си Зиньпиний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хятадын Коммунист намын Төв хорооны Тамгын газрын дарга Дин Шюэсян, Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ, тус намын Гадаад харилцааны төв хорооны дарга Ян Зечи, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, ГХЯ-ны дэд сайд Шие Фэн нар багтсан байна.