Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний гол зорилго нь ойн санг хамгаалах, нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангах юм. Тиймээс судлаач, мэргэжилтнүүд мод, бут нэмж тарихын зэрэгцээ одоо байгаа ойн санг хэрхэн хамгаалж, “эмчилж”, эрүүл болгох вэ гэдэгт ихээхэн ач холбогдол өгөх болов. Тэр дундаа сүүлийн жилүүдэд тархалт нь эрс нэмэгдсэн ойн хортон шавжтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг сануулсаар буй. Тэгвэл ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, инженер нисгэгч Т.Батжаргал хэмээх энэ эрхэм байгаль орчин, хөдөө аж ахуйд хор хөнөөл учруулагч биологийн хүчин зүйлстэй зориулалтын нисэх онгоц ашиглан тэмцэх нь хамгийн үр дүнтэй гэж үзэж байна. “Монгол Улсад ерөнхий зориулалтын нисэх онгоцны хэрэглээг өргөжүүлэх стратеги, менежментийн асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, иргэний нисэхийн салбарт олон жил ажилласан туршлагатай тэрбээр “Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд нэн тохиромжтой, богино хугацаанд их хэмжээний орон зай, талбайг хамруулж чадах, өндөр бүтээмж бүхий техник хэрэгсэл одоогоор тусгай тоноглолтой, зориулалтын нисэх онгоцноос өөр үгүй” гэж онцолсон юм.
-Таны судалгааны сэдэв анхаарал татахуйц, өвөрмөц санагдлаа. Энэ чиглэлийг сонгож судлахад юу нөлөөлөв?
-Ерөнхий зориулалтын нисэх онгоцны үйлдвэрлэл бий болгох, нийтийн хэрэглээг өргөжүүлэх замаар Монгол орны байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, зам, тээврийн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарц, боломжийг тодорхойлох нь миний судалгааны ажлын үндсэн зорилго байсан юм.
Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол дэлхий нийтийг түгшээсэн асуудал болоод байна. Энэ бүхэн өнөөгийн үйлдвэрлэл, замбараагүй хэрэглээ, амьдралын хэв маягийг зайлшгүй өөрчилж, байгальд ээлтэй, ногоон хөгжлийн хэв загварт шилжих шаардлагатайг хүн төрөлхтөнд сануулсаар буй. “Ногоон” хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд чиглэсэн ажил, үйлчилгээг өргөжүүлж, түүхий эд, ундны цэвэр усны хэрэглээг багасгах, хог хаягдлыг дахин ашиглах, орчны бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчноо хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санаачилгыг дэмжих зорилгоор олон улсын туршлага, технологи, инновацын шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлага улам бүр нэмэгдэх болсон. Энэ бүхнийг нутагшуулах, бодитоор хэрэгжүүлэх боломж бололцоо манай улсад хангалттай бий. Гагцхүү төр энэ чиглэлд бодлогын түвшинд дорвитой анхаарахгүй байсаар асар их нөөц, боломжийг алдаж, тэр зуур байгаль орчин сүйдсээр байгаа нь харамсалтай.
-Манай улс хэдийнээс ойн хортон шавжтай тэмцэх ажилд нисэх онгоц ашиглаж эхэлсэн бэ?
-Монгол Улс анх 1957 онд нийслэлийн ногоон бүс, Богдхан уул, Булган аймгийн ойн санд тархсан хортон шавж (навч, шилмүүсний зонхилогч хөнөөлт шавжийн нэг болох Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр)-ийг ЗХУ-ын техник, мэргэжилтний тусламжтай авиахимийн аргаар устгасан түүхтэй. Ингэснээр ойн хортон шавжийг устгах тэмцлийн эхлэлийг тавьсан юм. Улмаар 1972 онд МИАТ нэгтгэлийн дэргэд “АН-2” онгоцоор парк ашиглалтаа бүрдүүлсэн Ой, хөдөө аж ахуйн эскадриль байгуулснаар олон мянган га ойг хортон шавжаас хамгаалах ажлыг амжилттай гүйцэтгэх боломж бүрдсэн. Ой, хөдөө аж ахуйн эскадриль нь хортон шавжтай тэмцээд зогсохгүй бэлчээрийн онц хөнөөлт мэрэгч, газар тариалангийн талбайн хог ургамлыг устгах, ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах зэрэг ажлыг давхар гүйцэтгэж байв. Гүйцэтгэх ажил үүргийнх нь цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж байсан учраас тэнд ажиллах нисгэгч, инженер техникийн мэргэжилтнүүдийг төрийн бодлогоор дотоод болон гадаадад бэлтгэж байсан юм.
Мөн 1980 оны хоёрдугаар хагаст Хөдөө аж ахуйн яамны хөрөнгөөр Польшоос 22 нэгж (ширхэг) “АН-2” онгоцыг хор шүршдэг тоноглолын хамт худалдан авч, парк ашиглалтыг нь өргөтгөсөн. Үүний үр дүнд дээрх чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг мэргэжлийн байгууллагууд болон яамд нягт уялдаатай ажиллах таатай тогтолцоо бий болсон. Манай улс нэгэн үе ийнхүү ойн сан, бэлчээрийн хөрс, ургамал, газар тариалангийн бүс хамгаалалд авиахимийн аргыг ашиглаж, системтэй ажилласнаар олон талын үр өгөөж хүртэж байлаа. Гэтэл энэ бүхэн 1990 онд өрнөсөн ардчиллын “шуурганаар” хэт улс төржсөн, үгүйсгэсэн дайралтуудад өртөж, агаарын тээврийн салбарын ололт амжилтуудтай хамт нуран унасан. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойших 30 жилийн хугацаанд энэ тогтолцоог эргэн сэргээж чадалгүй явсаар өнөөдрийг хүрлээ.
-Монгол орны ойн сангийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэх вэ. Ер нь хортон шавжтай тэмцэхэд нисэх онгоц ашиглах нь тохиромжтой юу?
-Монгол орны ойн сан Төв Азийн хээр тал, Зүүн Сибирийн их тайгын өмнөд ирмэгийг заагладаг бөгөөд хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, гол, мөрний усыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих гэх мэт байгалийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Манай орны ойн бүс 1990 оноос өмнө нийт газар нутгийн 10 хувийг эзэлж байсан. Харин одоо ойн сан бүхий нийт газрын хэмжээ 18.3 сая га болсон. Үүний 11.3 сая га нь ойгоор бүрхэгдсэн талбай. Энэ нь нийт газар нутгийн 11.7 хувийг эзлэх боловч ойрхог чанар (ойгоор бүрхэгдсэн талбайг нийт газар нутагт харьцуулсан үзүүлэлт) нь 7.78 хувь байгааг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон. Ер нь Монгол орон ойн нөөцөөр хомс улсын тоонд багтдаг. Ойрхог чанарын үзүүлэлт бага учраас нэг хүнд ногдох ойн хэмжээ дэлхийн дунджаас долоо, Европынхоос 20 дахин бага буй. Ойгоо хамгаалах, ойн сангийнхаа хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан энэ үед “Тэрбум мод” санаачилга гаргасан нь цагаа олсон, зүйтэй шийдвэр гэж судлаачийн хувьд харж байна.
Мэргэжлийн байгууллагынхны 2019 онд судлан тогтоосноор бол манай орны ойн бүсийн 2.9 сая га талбайд хортон шавж, өвчин тархсанаас 322.2 мянган га-д нь хөнөөлийн голомт үүсээд буй. Гэтэл нийт газар нутгийнх нь 7.8 хүрэхгүй буюу маш бага хувийг эзлэх ойн бүсийг хортон шавжаас хамгаалахад улсаас жил бүр өчүүхэн хэмжээний хөрөнгө төсөвлөсөөр ирсэн. Нэгэнт хуваарилсан төсөв нь бага, хаанаа ч хүрэлцдэггүй учраас ихэвчлэн энгийн механик аргаар ойн хортон шавжтай тэмцдэг. Энэ нь төдийлөн үр дүнд хүрдэггүй. Үүний оронд нисэх онгоц ашиглаж, авиахимийн аргаар тэмцвэл богино хугацаанд их хэмжээний талбайг хамруулан, үр ашигтай ажиллах боломжтой. Ялангуяа хөнөөлийн голомттой гэж тогтоогоод буй 322.2 мянган га-д ойн хортон шавж устгалын ажлыг нисэх онгоцны хүчээр л хийх боломжтой. Одоогоор дэлхий нийт хортон шавжтай тэмцэхэд нисэх онгоцноос өөр давуу арга, технологи олоогүй байна. Жишээ нь, Өмнөд Солонгосын ойн бүсийн эзлэх талбай нь манай орныхоос даруй гурав дахин бага боловч түүнийг хамгаалах ажлыг 50 авиа компани хариуцан гүйцэтгэдэг.
-Манай улс одоогийн байдлаар ийм зориулалтын хэчнээн агаарын хөлөг ашиглаж, хэдий хэмжээний талбайн хортон шавжийг устгаад байна вэ?
-Монгол Улсад өнөөгийн байдлаар АНУ-д үйлдвэрлэсэн “Аэртрактор АТ-602” гэсэн зориулалтын ганцхан онгоцыг “Томос эйр” хэмээх хувийн хэвшлийн компани ашиглаж байна. “Велталь Авиа” ХХК нэг “АН-2” ашиглаж байсан ч их засвар хийлгэх хөрөнгөгүйн улмаас аргагүйн эрхэнд зогсоосон. Ийм зориулалттай нисэх онгоц манай улсад үүнээс өөр алга.
Ойн хортон шавжийн тархалтын статистик мэдээллээс харахад судалгаа хийсэн талбайд ногдох хөнөөлийн голомтын хэмжээ жилээс жилд өссөн үзүүлэлттэй байгаа. Зөвхөн сүүлийн хоёр жилийн үзүүлэлтийг авч үзэхэд тэмцлийн ажлыг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх шаардлага тулгарсан нь маш тодорхой харагддаг. 2018 онд 11 аймаг, 35 сум, нийслэлийн ногоон бүс, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Богдхан уулын дархан цаазат газрын 218.1 мянган га талбайд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулжээ. Үүнээс 143 мянган га талбайд нь нисэх онгоц ашиглан, шавж устгал хийлгэсэн. Мэргэжилтнүүд 2019 онд 2.9 сая га талбайд тархалтын судалгаа хийхдээ 322.2 мянган га-д хөнөөлт шавж голомтлон тархсаныг тогтоож, устгал, тэмцлийн ажил зайлшгүй хийх шаардлагатай ойн бүсийн хэмжээг 56.2 мянган га гэж үнэлсэн байдаг. Гэтэл тухайн жилд ердөө 22.8 мянган га талбайд “Аэртрактор АТ-602” (дээрх компанийн)-оор хортон шавж устгуулсан нь тун чамлалттай үзүүлэлт юм. Харин дэлхий нийт эл дэвшилт технологийг өргөнөөр ашиглаж, хор шүршдэг тоног төхөөрөмж, нисэх онгоцыг улам боловсронгуй болгож, хөгжүүлсээр байна.
Ташрамд дурдахад, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хариуцдаг БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийнхөн хэдэн жилийн өмнө гурван “АН-2” онгоцонд зориулж, сүүлийн үеийн хор шүршигч багаж авсан боловч хэргийг нь гаргаж чадаагүй. Нисэх онгоцных нь их биеийн ашиглалтын хугацаа дууссан учраас их засвар хийх шаардлагатай болж, өндөр технологи шингэсэн өнөөх үнэтэй тоноглолууд “ажилгүй” болсон. Гэтэл МИАТ ТӨҮГ-ын Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт тэдгээр “АН-2”-ын их далавчинд их засвар хийх боломж байсаар л байна. Гагцхүү төрийн шат шатны байгууллага, яамд хооронд ажлын уялдаа холбоогүй, ойлголцолгүйн улмаас энэ мэт дотоод боломжоо ашиглаж чадахгүй байгаа юм.
-Ойн хортон шавжийг энгийн механик болон авиахимийн аргаар устгахын ялгааг үр дүн талаас нь харьцуулан тайлбарлана уу?
-Ойн хортон шавжийг энгийн буюу механик аргаар устгах ажлыг хүмүүс явганаар гүйцэтгэдэг. Нэг хүн өдөрт 1.5 га талбайд шавж устгах, хор цацах ажил хийдэг. Нэг удаа явахдаа 20 литр шингэн хор агуулсан үүргэвч үүрээд, хамгаалах хувцас хэрэгслээ өмсөөд, уул өөд мацдаг. Мэдээж амаргүй. Ямарч залуу хүн ядарна, ажлын бүтээмж нь ч муу байна. Гэтэл “АН-2” болон түүний шинэчилсэн загвар болох “ТВС-2МС,” “Легэнда-570”, өдгөө ашиглаж байгаа “Аэртрактор АТ-602” агаарын хөлгийн шингэн агуулах бункер 1000 литрийн багтаамжтай. Нэг удаагийн цэнэглэлтээр 20-30 минутад 330 га, цагт 660 га талбайн хортон шавжийг устгах шингэнийг агаараас цацдаг. Тэгвэл хөнөөлийн голомттой хэмээн судалгаагаар тогтоосон (дээр өгүүлсэн) 322.2 мянган га талбайд хортон шавж устгах ажлыг дээрх төрлийн 10 нисэх онгоцоор ердөө 14 хоногийн хугацаанд гүйцэтгэх тооцоо гарч байна. Авиахимийн арга хэр зэрэг өндөр бүтээмж, үр нөлөөтэй нь эндээс маш тодорхой харагдана. Богино хугацаанд их хэмжээний ойг “эмчлэх” боломж бүрдэж, тэр хэрээр хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, үргүй зардлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Олон зориулалтын нисэх онгоц, техникийн хэрэглээг мөн хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлбэл өндөр үр өгөөжтэй. Ингэснээр бэлчээр сүйтгэгч, цөлжилт үүсгэгч биологийн хүчин зүйлс (үлийн цагаан оготно гэх зэрэг)-ийн нөлөөг сааруулах, мал сүргийн тогтвортой өсөлтийг хангах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд шууд болон шууд бусаар эерөг өөрчлөлтүүд гарна.
-Ер нь Монгол орны ойг хортон шавжаас хамгаалахад хэчнээн нисэх онгоц шаардлагатай бол?
-Мэргэжлийн байгууллагуудын судалж тогтоогоод буй хөнөөлийн голомттой хэсэгт шавж устгал хийхэд 1-2 тонн шингэн болон хуурай хор агуулах бункер, хор шүршдэг тоноглолтой, олон зориулалтаар ашиглах боломжтой 10-15 жижиг нисэх онгоц шаардлагатай. Ийм цомхон бүтэцтэй авиа компанийг нэгдсэн зохион байгуулалт доор, байнгын бэлэн байдалд ажиллуулахад нэг их хөрөнгө шаардахгүй. Манай Засгийн газар орон нутгийн хот хоорондын зорчигч тээврийн нислэгийг хүйтний улиралд тасалдуулахгүйн тулд “Аэро Монголиа”, “Хүннү эйр” зэрэг хувийн хэвшлийн компанид улсаас багагүй хэмжээний татаас олгож, нислэг үйлдүүлж байсан шүү дээ. Гэтэл улсын хэмжээний томоохон асуудал болох байгаль орчин хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой нисэх онгоцны парк ашиглалт, хэрэглээг бий болгоход нэг удаа дөмөгхөн хөрөнгө оруулж яагаад болохгүй гэж. Ийм хэрэгцээ, шаардлага хангалтай үүссэн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-т үүнийг хэрэгжүүлэх боломж бий. Би докторын судалгааны бүтээлдээ энэ талаар нэлээд тодорхой тусгасан.
“АН-2”-ын шинэчилсэн загвар “ТВС-2МС”, “Легэнда-570” агаарын хөлгийг Монгол Улсад угсрах, үйлдвэрлэх асуудлыг шийдвэрлүүлж, зохих тоогоор нийлүүлэх боломж ч байна. Учир нь, ярилцлагын эхэнд дурдсан, 1980-аад сүүлчээр Польш улсаас худалдаж авсан 22 нэгж “АН-2” онгоц өнөөдрийг хүртэл маш сайн хадгалагдаж ирсэн. Тэдгээрийг их засварт оруулж, шинэ хөдөлгүүр, сэнс, авионик тавьж, шинэчлэн угсрах ажлыг зоригтой эхлүүлэх хэрэгтэй. “АН-2” бол үйлдвэрлэгдсэн цагаасаа өдийг хүртэл дэлхий дахинд өргөнөөр ашигласаар байгаа, чанар, хүчин чадлын хувьд харьцуулшгүй үзүүлэлттэй онгоц. БНХАУ, ОХУ эл онгоцны хөдөлгүүрийг шинэчилсэн хувилбараар зохион бүтээж, үйлдвэрлэж эхэлснийг бид 2017 оноос хойш судалж, Монголд үйлдвэрлэх зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байна.
Ер нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын гамшгийг бид боломж болгон ашиглах хэрэгтэй. Коронавирусийн улмаас дэлхийн агаарын тээврийн салбар тэр аяараа хямарч, авиа компаниуд агаарын хөлөг, нисэх онгоцоо хямд өртгөөр худалдан борлуулах замаар зардлаа нөхөж, ажлын байраа хадгалах оролдлого хийх боллоо. Бид энэ боломжийг овжноор ашиглаад, агаарын хөлгийн ханш хямдарсан үед нь цөөн тооны боловч нисэх онгоц авах бололцоо бий.
-Нисэх онгоц ашиглана гэхээр нэг л нүсэр ажил санаанд бууж байна. Өртөг зардлын хувьд нарийвчилсан тооцоо, судалгаа бий юү?
-Авиахимийн арга бол монголчуудын хувьд цоо шинэ зүйл биш. Нэг үе бидний амжилттай хэрэгжүүлж, үр өгөөжийг нь хүртэж байсан ажил шүү дээ. Энэ талын мэдлэг туршлагатай хүн манай салбарт цөөнгүй байна. Нисэх онгоцны ашиглалтын зардал өндөр гээд орчин цагийн дэвшилт технологиос “зугтаад”, дэлхийн хөгжлөөөс гээгдэж болохгүй. Харин ч ашиглалт, хэрэглээг нь улам нэмэгдүүлж, үнэ цэн, ач холбогдлыг нь гаргах хэрэгтэй болов уу.
Өмнө дурдсан хуучны “АН-2” онгоцны нэгийг нь бүрэн шинэчилж, угсрахад нэг сая ам.долларын зардал шаардлагатай. Дараа дараагийнхыг нь шинэчлэхэд энэ зардал буурах тооцоо гарсан. Эдгээрийг шинэчилж чадвал багадаа 15-20 жил ашиглах боломжтой. Миний бие Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар тус төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн даргаар хоёр удаа томилогдон ажилласан. Энэ хүрээнд МИАТ-ийн инженер техникийн ажилтнуудтай хамтарч, “ТВС-2МС” хэмээх агаарын хоёр хөлөг бүтээсэн. Одоо “Буянт-Ухаа” нисэх буудлын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа МИАТ ТӨҮГ-ын Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын бүтэц, орон тоо, үйл ажиллагааг өргөтгөж, жижиг, хөнгөн нисэх онгоц угсрах үйлдвэр байгуулан, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадаад зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бидний өмнө байна.