Нийтийн тээвэр, зам, барилга, бүтээн байгуулалтын гэсэн голлох салбарт орчны хүртээмжийг сайжруулахад иргэд, олон нийтийн санал, санаачилга, дэмжлэг чухал үүрэгтэй. Эдгээр салбарын үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад иргэд нэг талаас саналаа хэлж, хэрэгцээнд нийцүүлэх, нөгөө талаас холбогдох хууль, тогтоомж, стандартуудыг хэрэгжүүлэхэд хяналт тавин, санаачилгатай оролцох нь нэн чухал болоод буй. Өөрөөр хэлбэл, тухайн улс орны иргэд, олон нийтийн байгууллагууд нь нийгмийн идэвх, санаачилгатай байснаар орчны хүртээмжийг хэрхэн сайжруулж болдгийг харуулсан сайн жишээ, туршлага олон улсад цөөнгүй бий. Нийгмээрээ ямар нэгэн саад бэрхшээлгүй амьдарч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд дан ганц төрийн байгууллага, хувийн хэвшлийнхний хүчин зүтгэлээс гадна иргэд бидний идэвх, оролцоо ч ихээхэн хувь нэмэр оруулдаг.
А.ОРГИЛСАЙХАН: Өдөрт 100 орчим санал, хүсэлт хүлээн авдаг
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр иргэдийн санал, оролцоотойгоор хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар (НТҮГ)-ын мэргэжилтэн А.Оргилсайханаас тодрууллаа.
-Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад иргэд хэр идэвх, санаачилгатай оролцож байна вэ. Танай байгууллагад энэ чиглэлийн санал, хүсэлт олон ирдэг үү?
-Өдөр бүр олон мянган хүнд үйлчилдэг салбар учраас нийтийн тээврийг иргэд сайн, муугаар ярьж, шүүмжлэх нь бий. Тийм ч учраас эл салбарт шаардлагатай шинэчлэлүүдийг байнга шахам хийсээр байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжтэй холбоотой иргэдийн санал, гомдол, мэдээллийг НТҮГ-ын албан ёсны вэб сайт, фэйсбүүк хуудас болон 7004-4040 дугаарын утсаар байнга авч байна. Өдөрт 100 орчим санал, хүсэлт хүлээн авдаг. Түүний дагуу холбогдох албаны хүмүүс санал, гомдлыг нь шийдвэрлэсэн даруйдаа буцаан хариу өгдөг. Иргэд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, шаардлага тавьдаг болсон нь бидний ажилд ихээхэн дэмжлэг үзүүлдэг.
Өнгөрсөн долдугаар сард үйлчилгээнд гаргасан цахилгаан автобуснууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэх зориулалтын шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй
-Одоо үйлчилгээнд явуулж буй нийтийн тээв-рийн хэрэгслүүдийн хэчнээн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй зорчих шаардлагыг хангасан бол?
-Нийтийн тээврийн үйлчилгээний салбарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн болон Авто тээврийн тухай хуулийг чанд мөрддөг. Ерөнхийдөө эл салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саадгүй тээвэрлэх боломж бүрдүүлэх асуудал нэн тэргүүнд тавигдсаар ирсэн. Үүний дагуу тодорхой ажлууд ч хийж байгаа. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард үйлчилгээнд нэвтрүүлсэн, 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автобуснууд бүгд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэх зориулалтын шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй. Энэ онд дахиад 60 автобус үйлчилгээнд нэмж гаргахаар төлөвлөсөн. Тэдгээр нь ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх юм. Авто тээврийн тухай хуульд заасны дагуу 1000 автобус тутмын 100 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саадгүй тээвэрлэхэд зориулагдсан байх ёстой. Одоо үйлчилгээнд явж буй автобуснуудын 80 нь эл шаардлагыг хангасан. Үүн дээр сая дурдсанчлан шинээр үйлчилгээнд нэвтрүүлэх 60 автобусыг нэмбэл 140 автобус дээрх хуулийн зохих шаардлагыг бүрэн биелүүлнэ гэсэн үг.
Д.ХАН-УУЛ: Хуучны барилгуудыг налуу замтай болгоно
Барилгын салбарт орчны хүртээмжийг сайжруулахад иргэд, олон нийтийн идэвх, санаачилгаар ямар ямар ажлууд хийж буй талаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газар (ХБХГ)-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уултай ярилцлаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдрах орчны шаардлагад нийцсэн барилгын зураг төсөл зохиох норм, стандартыг манайд хэзээнээс мөрдөж эхэлсэн бэ?
-ХБХГ-ын Хот төлөвлөлтийн хэлтэс нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барих барилга, байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний дагуу боловсруулсан загвар зургийг баталдаг. Энэхүү үйл явцыг Засгийн газрын 108 дугаар тогтоолоор баталсан Барилгын зураг төсөл, магадлал хийх дүрмийн дагуу удирддаг. Мөн шугам сүлжээ, хамгаалалтын зурвасууд нь ийм байна, үүний дагуу хийгээрэй гэхчлэн захиргааны акт гаргаж өгдөг. Үүний дараа захиалагч барилгын загвар зургаа хийлгэнэ. Орчны хүртээмжийг хэрхэн шийдсэнийг нь бид эл загвар зургийн дагуу шалгаж, хүлээн авдаг. Хэрэв шаардлага хангахгүй байвал буцааж, засвар хийлгэдэг. Хагас жилийн хугацаанд манайд ийм 316 зураг батлуулах хүсэлт ирүүлснээс 169-ийг нь зөвшөөрсөн. Үлдсэн нь орчны хүртээмжийг сайжруулаагүй байх жишээтэй. Анхан шатны загвар зургийг ингэж баталдаг болсноор барилга нь ямар зориулалттай, бүх хүнд ээлтэй орчин бүрдүүлсэн, эсэхийг нягтлах боломж бүрдсэн. Ингэснээр дараа дараагийн зураг төсөлд алдаа гарахгүй байх давуу талтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдрах орчны шаардлагад нийцсэн барилгын зураг төсөл зохиох норм, стандартыг 2016 оноос мөрдөж байгаа. Түүнээс хойш барьсан барилгууд ерөнхийдөө орчны хүртээмжийг сайн бүрдүүлсэн гэж ойлгож болно.
ХБХГ-аас 30-аас дээш жилийн насжилттай хуучны барилгуудын орчны хүртээмжийг иргэд, иргэний нийгмийн байгууллага, холбоодын санал, дэмжлэгтэйгээр сайжруулж эхэлжээ. Жишээлбэл, Төв шууданг ийм налуу замтай болгожээ
-Танай байгууллагаас “Хүртээмжийн төсөл” хэрэгжүүлдэг шүү дээ. Энэ талаар товчхон мэдээлэл өгөөч?
-“Хүртээмжийн төсөл”-ийг 2018 оноос хэрэгжүүлж байна. Барилга, бүтээн байгуулалтын салбарын орчны хүртээмж гээд яривал их өргөн ойлголт болно. Тиймээс бид зөвхөн налуу замын судалгааг уг төслийнхөө хүрээнд гаргасан юм. Улаанбаатар хотод өдгөө 30-аас дээш жилийн насжилттай 559 барилга бий. Тэдгээр нь налуу замгүй, шат, довжоо нь стандарт хангахгүй, өндөр босготой гэхчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагыг хангахгүй байгаа. Тиймээс бид иргэд, иргэний нийгмийн байгууллага, холбоодтой хамтран, тэдний санал, санаачилгын дагуу уг асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Мэдээж хуучны бүх барилгыг налуу замтай болгох зураг төсөл гаргаж, түүнийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Ийм учраас эзэмшигч нарт нь болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хамтарч ажиллах санал, уриалга хүргүүлж эхэлсэн. Эдгээр ажлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтран хэрэгжүүлж буйгаараа давуу талтай юм.
-Орчны хүртээмжтэй холбоотой асуудлаар иргэд хаана, хэнд хандаж болох вэ?
-Энэ онд ХБХГ-т иргэд, олон нийтээс 1091 өргөдөл, гомдол, санал ирүүлсний 1066-г нь шийдвэрлэсэн байна. Эдгээрийн олонхыг мэдээллийн чанартай санал, хүсэлт эзэлдэг. Жишээлбэл, иргэд зам, барилга барих зөвшөөрөл олгосон газарт бүтээн байгуулалт хийлгэхгүй, татгалзаж буйгаа илэрхийлсэн нь цөөнгүй. Мөн амьдарч буй орчныхоо хүртээмжийг сайжруулах саналтай байдаг. Үүнийх нь дагуу асуудлыг нь шийдвэрлэсэн тохиолдол ч олон. Жишээ нь, Хан-Уул дүүрэгт байрлах “Нэхмэлийн шар” болон “Нутгийн буян” хотхоны дунд барилга барих гэж байсан “Марта грийн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, өөр байршилд газар олгохоор болсон. Уг захирамжийг эдгээр хотхоны оршин суугчдын санал, хүсэлтийн дагуу шийдвэрлэснээрээ онцлогтой. Барилга барилгүйгээр чөлөөлсөн 2009 ам метр газрыг нийтийн эзэмшлийн талбай болгож тохижуулсан. Иргэдийн гомдол, саналыг бид 11-320461 дугаарын утсаар нээлттэй хүлээн авч, газар дээр нь очиж шалган, холбогдох байгууллагуудад нь уламжлан, шаардлагатай тохиолдолд албан бичгээр хүсэлт өгч, шийдүүлдэг.
Б.БАТТУЛГА: 23 байршилд дуут дохио суурилуулж байна
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар (АЗХГ)-ын олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Баттулгаас дараах зүйлийг тодруулав.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй зам, тээврийн байгууламжуудыг олон нийтийн санал, санаачилгаар тохижуулсан сайн туршлага манайд хэр олон байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Манайх нийслэлийн авто замын сүлжээг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэхдээ авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын чанарыг дээшлүүлж, иргэд ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл, бололцоог хангах үндсэн чиг үүрэгтэй. Үүнийхээ дагуу иргэдийн санал, хүсэлт болон тодорхой судалгаануудад үндэслэн засвар, шинэчлэлийн ажлыг жил бүр хийдэг. Тухайлбал, энэ онд гэхэд л нийслэлийн Засаг даргын 2021 оны А/209 тоот захирамжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам гаргах (рамп унагах), хөтөч хавтан байршуулах, дуут дохио суурилуулах зэрэг ажил хийж байна. Одоогоор дээрх захирамжийн хүрээнд засвар, шинэчлэл хийх тохиромжтой байршлуудын судалгааг гаргасан. Үүний хүрээнд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхан 266 байршилд хөтөч хавтан суурилуулж, налуу зам гаргах төлөвлөгөөтэй. Одоогоор Парисын гудамжинд дөрөв, Усны гудамжинд 20, Элчингийн гудамжинд зургаа, нийт 30 байршил налуу зам тавьсан. Мөн 23 байршилд дуут дохио суурилуулахаар ажиллаж байна.
-Авто замын болон замын байгууламжуудын орчны хүртээмжийг сайжруулахад иргэд хэрхэн оролцох боломжтой вэ?
-Иргэд хүсвэл АЗХГ-ын хийж буй ажлуудын талаар тодруулж, өөр хаана налуу зам тавиулах, тэмдэг, тэмдэглэгээ, дуут дохио суурилуулах шаардлагатай талаарх санал, хүсэлтээ манай 11-325385 дугаарын утсаар өгөх боломжтой. Бид жил бүр шаардлагатай засвар, үйлчилгээгээ хийсээр л байгаа. 2020 онд Сүхбаатар дүүрэг, Батмөнх, Элчингийн болон Жуулчны гудамж, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу гэхчлэн нийт 175 байршилд налуу зам гаргасан. 2019 онд мөн Баянзүрх, Баянгол дүүрэг, Намъяанжугийн гудамж, Нарны зам, Үндсэн хуулийн гудамжны авто зам зэрэгт 150 байршилд налуу зам барьсан. Мөн шинээр барих болон өргөтгөх авто замын зураг төсөлд Явган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх MNS 6056:2009 стандарт, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг мөрдүүлж байна.