Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн хоёр дахь хүү Сейф-аль-Ислам ирэх сарын 24-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлэв. Өдгөө 49 настай тэрбээр эцгийнхээ ойрын хүрээлэлд багтаж, дипломат болон олон нийттэй харилцах ажлыг нь хариуцдаг байжээ. Албан тушаал хаш гэсэн эцгийнхээ саналаас тэрбээр тухайн үед ил тод татгалздаг ч хэрэг дээрээ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэдэг байв.
Ливийн удирдагчийг түлхэгдэн унах хүртэл түүний халааг Сейф-аль-Ислам авна гэдэг байсан юм. Тэрбээр 2011 онд эцгийг нь эсэргүүцсэн бослогыг харгислан дарсан хэрэгт оролцжээ. Тиймээс хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн буюу хүний амь бүрэлгэсэн, мөрдөж мөшгөсөн гэх хоёр зүйл ангиар Гааг дахь олон улсын шүүх түүнийг баривчлах шийдвэр гаргасан нь одоо ч хүчин төгөлдөр буй.
Тэрчлэн цэргийн хувийн “Вагнер” компанийн орос хөлснийхөнтэй холбоотой хэргээр Сейф-аль-Исламыг баривчлах зөвшөөрлийг НҮБ-ын дэмждэг Триполийн Засгийн газрын төлөөлөгч, Ливийн прокурор Мохаммед Гаруда өнгөрсөн наймдугаар сард өгчээ. Үүний өмнө 2019 онд эдгээр хөлсний этгээд Ливийн цэргийн гэмт хэрэгт холбогдсон тухай ВВС мөрдөн шалгалт явуулсан юм. ВВС-гийн баримтат кинонд Ливийн тусгай албаныхан үг хэлсэн бөгөөд тэд Сейф Каддафиг “Оросоос Ливийн тэргүүний албан тушаалд нэр дэвшигч” гэж нэрлэсэн байна. Тэдний нэг нь “Хэрвээ Орос зорилгодоо хүрсэн бол Сейф Каддафи Триполи хотын төв талбайд ялалтын үг хэлэх байсан” гэжээ.
Тэрбээр Өрнөдөд боловсрол эзэмшсэн бөгөөд 2005 онд Дэлхийн удирдагчдын форумын гишүүн болсон аж. Энэ нь Швейцарын ашгийн бус байгууллага бөгөөд Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зүкерберг, Гүүглийн Сергей Брин, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Арден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар гишүүнээр ажиллаж байв.
Бослого дарах үеэр үйлдсэн хүн амины хэргийн улмаас Сейф-аль-Ислам зургаан жил хоригдсон. Эх орноо нэгтгэж чадна гэдэгтээ итгэлтэй буйгаа тэрбээр “New York times” сонинд саяхан ярилцлага өгөхдөө хэлжээ.
Зүүн, баруун нутаг дахь цэрэг, улс төрийн сөргөлдөгч бүлэглэлүүд олон жил иргэний дайн хийсний дараа Ливийг түр Засгийн газар удирдаж буй. Гэсэн ч улс төрийн байдал нь маш тогтворгүй, янз бүрийн фракцууд нь хоорондоо сонгуулийн талаар санал зөрөлдсөн хэвээр байна.
Ливи нь Африк тивийн нефтиэр хамгийн баян орон бөгөөд дотоодод гарсан мөргөлдөөн нь гадаадын том гүрнүүд хоорондынх болж хэдийн өргөжсөн билээ. Тус улсын нийслэл Триполид Фаиз Сарраж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газар бий. Түүнийг Турк, Катар дэмждэг. Зүүн нутаг дахь Сайд нарын түр танхимд Ливийн үндэсний армийн тэргүүн, генерал Халиф Хафтар гол үүрэг гүйцэтгэж буй. Түүнд АНЭУ, Египет, “Вагнер”-ын орос хөлснийхөн, Саудын Араб, Йордан, Франц тусалдаг аж. Сейф-аль-Исламаас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд генерал Хафтар, Ливийн одоогийн Ерөнхий сайд Абдель Хамид Дбейба, парламентын дарга Иса Агила Салех нар нэр дэвшжээ.