Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин Парис хотноо болж буй ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр ээлжит чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Итали улсын Гадаад хэргийн сайд Лүижи Ди Маёотой ЮНЕСКО-ийн төв байранд уулзлаа.
Уулзалтын эхэнд талууд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурал, тус байгууллагын дунд хугацааны стратеги, нээлттэй шинжлэх ухааны зөвлөмж зэрэг бодлогын баримт бичиг, Дэлхийн өвийн хороо зэрэг асуудлаар санал солилцсон юм.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд соёлын өвийн сэргээн засварлалтын асуудлаар түлхүү ярилцаж, Итали улстай энэ чиглэлд хамтран ажиллаж, техникийн туслалцаа авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Талууд соёлын сэргээн засварлалтын чиглэлээр хамтран ажиллахдаа их, дээд сургуулийн түншлэлд тулгуурлах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд уулзалтын төгсгөлд Итали улсын Гадаад хэргийн сайд Лүижи Ди Маёо Монгол Улсын Соёлын сайд Ч.Номинг Итали улсад айлчлахыг урив.