Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Сэнгэраги” арт галерейд “Харандааны хаан” үзэсгэлэнг зохион байгууллаа. Хоёр дахь жилдээ олонд хүргэсэн тус үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлч хамтарч, 100-аад бүтээл дэлгэжээ. Үүнд мэргэжлийн уран бүтээлчдээс гадна уран зураг сонирхогчид ч оролцсон аж. Зураасан зургийн энэхүү үзэсгэлэнгээр харандааны бүхий л төрлийг үзэгчдэд танилцуулдгаараа онцлогтой. Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Цогтбаяр “Хүн бүр зураач болох албагүй ч сайн багштай бол бүгд зурж чадна. Сайн зурахаас илүүтэй гоо зүйн болон урлагийн боловсролоо дээшлүүлэх, стресс бухимдлыг тайлах зорилгоор дэлхий даяар харандааны арт терати дэлгэрч байна. Манайд зураасан зургийн төрөл бусдыгаа бодвол ач холбогдлоороо нэлээд хойш тавигдчихсан. Сул байгаа энэ салбарыг хөгжүүлэхэд түлхэц өгч, харандаа нь зөвхөн бага насны хүүхдийн хичээлийн хэрэгсэл биш, уран бүтээлийн гайхамшигтай гүйцэтгэгч гэдгийг харуулах зорилготой” гэв. Зураач Х.Баяр “Өнгийн болон балын харандаа, пастель, үзэг, маркер, тосон бал, холимог техникээр сүүлийн нэг жил гаруйн хугацаанд бүтээсэн шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн боллоо. Дүрслэх урлагт дуртай аав, ээжүүд хүүхдүүдээ дагуулан ирж үзсэнд баяртай байна. Харандаа гайхалтай ид шидтэй хэрэгсэл. Авьяас билигтэй хүнийг олж, онилж, нөхөрлөж, хөдөлмөрлөж, хамтдаа содон өвөрмөц бүтээлүүд бий болгон бүтээдэг. Тиймээс ч энэ үзэсгэлэн хүүхдүүдэд их таалагдсан болов уу” гэсэн. “Харандааны хаан” үзэсгэлэнг Германы алдарт “Faber castell” брэнд ивээн тэтгэснээр үзэгчдэд толилуулсан аж.
Бэлтгэсэн А.Тайшир