Дэлхийд хүлэмжийн хийн гол хоёр үйлдвэрлэгч Хятад болон АНУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Шотландын Глазго хотод болж буй уур амьсгалын бага хурлын үеэр баталсан уг баримт бичигт тус хоёр улс 2030 он хүртэлх есөн жилд Парисын хэлэлцээрт тусгасны дагуу дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг 1.5 градусаас ихэсгэхгүй байхын төлөө хамтдаа тэмцэх үүрэг хүлээж, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хийх ёстой болон өнөөг хүртэл хийсэн зүйлс хоорондын үлэмж зөрүүг арилгахын тулд хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхийг бусад улсад уриалсан байна.
АНУ болон Хятадад уур амьсгалын асуудлаар санал зөрөхөөс илүүтэй нийтлэг зүйл нь их болохыг хэлэлцээнд оролцсон Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Се Женьхуа сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ. Сүүлийн 10 сард хоёр тал тунхаг бичгээ бэлтгэхээр цахимаар 30 удаа уулзалт хийсэн гэнэ. Гэхдээ Глазгогийн хурлын өмнөхөн Хятад улс метаны хийн тухай тунхагт нэгдэхээс татгалзжээ. Эл баримт бичигт бараг 100 улс гарын үсэг зурсан юм. Үүний оронд Бээжин метаны хийг бууруулах үндэсний төлөвлөгөө боловсруулахаар амласан аж.
АНУ-ын уур амьсгалын тусгай элч Жон Керри тунхаг бичиг байгуулсныг тайлбарлахдаа “АНУ болон Хятадад санал зөрөлдөөн хангалттай олон бий ч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл хэрэгт зорилгодоо хүрэх цорын ганц арга бол хамтын ажиллагаа юм” гэв.
Эрдэмтдийн үзэж байгаагаар дэлхийн дундаж температурын өсөлтийг 1.5 градусаас хэтрүүлэхгүй барьж чадвал хүн төрөлхтөн сүйрлийн үр дагавраас зайлсхийх боломжтой. 2015 онд Парист дэлхийн удирдагчид дулаарлыг 1.5-2 градус дотор барьж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаа амласан билээ.
Хятад, АНУ хоорондоо тохиролцоонд хүрсэнд “Greenpeace international” байгууллагын гүйцэтгэх захирал Женифер Морган баяр хүргэхдээ, тэдний амлалтыг хангалтгүй гэж үзжээ. Харин Европын Холбооны цаг уурын бодлого хариуцсан төлөөлөгч Франс Тиммерманс “Хятад, АНУ хамтран ажиллах хүсэлтэй байгаагийн илрэл нь урам зориг өгж байна” гэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш тунхгийг сайшаагаад, “Уур амьсгалын хямралыг олон улсын хамтын ажиллагаа, эв нэгдлийн тусламжтайгаар даван туулах учир энэ нь ихээхэн ач холбогдолтой алхам болж байна” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Нүүрсхүчлийн хийгээр Хятад улс дэлхийд нэгдүгээрт, АНУ хоёрдугаарт ордог. 2060 он гэхэд агаар мандалд ялгаруулж байгаа нүүрстөрөгчийн давхар ислийг тэглэнэ хэмээн БНХАУ найдаж буйг тус улсын дарга Си Зиньпин өнгөрсөн есдүгээр сард мэдэгдсэн билээ. Глазгод болж буй НҮБ-ын уур амьсгалын бага хурал нь 2015 оны Парисын дээд хэмжээний уулзалтаас хойших цаг уурын хамгийн том олон улсын арга хэмжээ болж байна.