Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллагуудын нэг билээ. Тэд өөрсдөө хуулиа дагаж мөрддөг үү. Ялангуяа дээрх хуулийн 111-т “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” гэж заасныг биелүүлдэг, эсэхэд хариулт авахаар тус холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай уулзлаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах нь тэдний нийгмийн оролцоог дэмжихэд чухал үүрэгтэй
Тэрбээр “МҮЭХ хамтран ажиллаж, удаа дараа санал тавьсны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүй байгууллагууд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд жилд дөрөв орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг болсон. Өмнө нь 480 сая төгрөг л эл санд орж ирдэг байв. Гэхдээ цаашид бид дэлхийн жишигт нийцсэн бодлого баримтлах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүйн төлөө татвар төлөх нь чухал биш. Харин Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс тэднийг ажлын байраар хангаж, бусдын адил амьдрах боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнд төрийн болон төрийн өмчит байгууллагууд манлайлал үзүүлээсэй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар энэ талаар манлайлагч гэж хэлнэ. Цаашлаад Зам, тээврийн хөгжлийн, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, шинжлэх ухааны, Соёлын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан эхлээд хуулиа хэрэгжүүлж, төрийн бусад байгууллага, хувийн хэвшлийнхэнд үлгэрлэх ёстой. Одоогоор Монголд гадаадын хөрөнгө оруулалттай “Оюутолгой”, “Тавантолгой”, газрын тосны үйлдвэрүүд Хөдөлмөрийн хуулийн 111 дэх заалтыг маш сайн мөрдөж байна. Мөн хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүд хуулиа хэрэгжүүлдэг. Манай байгууллага хөдөлмөрийн гэрээтэй, орон тооны 80 гаруй ажилтантай. Үүнээс хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр (групп) авдаг дөрвөн хүн бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгэмд байр сууриа олоход нь тусла, хамт олноороо дэмж, хөгжүүл гэсэн үүргийг бид харьяа байгууллагууддаа байнга өгдөг” гэсэн юм. Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төр тэтгэмж өгөөд орхих бус, нийгмийн харилцаанд оролцох боломжийг нь бүрдүүлэхэд анхаардаг аж. Өөрөөр хэлбэл, хүртээмжтэй ажлын байр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгмийн харилцаанд оролцуулах, хөгжүүлэх үндэс болдог юм байна.
МҮЭХ-ны удирдлагын өгсөн мэдээллээр тус холбоонд өдгөө ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд дунд удирдах албан тушаалтан ч бий гэсэн. Бид тус холбооны харьяа Үйлдвэрлэл үйлчилгээний төвд очлоо. Тус байгууллагын ажилтан Д.Ганхуяг сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй. Тэрбээр Үйлдвэрлэл үйлчилгээний төвд 20 дахь жилдээ ажиллаж буй. Гарын уртай Д.Ганхуяг бариач, угаагч, ногоочин зэрэг ямар ч ажлыг чадамгай хийдэг. Байгууллага дотроо ажлын байраа сэлгээд ямар ч ажил даалгасан гүйцэтгэх чадвартай аж. Хамт олон нь ч түүнийг ажиллуулсандаа сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн. Тухайлбал, Үйлдвэрлэл үйлчилгээний төвийн захирал Н.Энхманлай “Д.Ганхуяг бол манай төвийн тэргүүний ажилтнуудын нэг. Нийгэмд байр сууриа олчихсон хөдөлмөрч нэгэн. Хамгийн гол нь өөрөө ажилсаг хичээнгүй, үнэнч сэтгэлтэй. Түүнтэй урт хугацаанд хамтран ажиллаж буйдаа таатай байна” хэмээлээ.
…Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгэмд байр сууриа олоход нь тусла, хамт олноороо дэмж, хөгжүүл гэсэн үүргийг бид харьяа байгууллагууддаа байнга өгдөг…
Үүний дараа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд очлоо. Төвийн ажилтан П.Баасанжав энд 2010 оноос хойш ажиллаж буйгаа ярив. Тэрбээр хоёр хүүхэдтэй өрх толгойлсон аав. Ажилгүй байхад нь хүлээн авч, дэмжсэн хамт олныхоо хандлага, харилцааны сайхныг тэрбээр онцолж байв. П.Баасанжав хамт олныхоо итгэлийг алдсан удаагүй. Эрхээ эдэлдэг, үүргээ ч биелүүлдэг нэгэн аж. Тэрбээр өнгөрсөн онд байгууллагынхаа хөдөлмөрийн аваргаар шалгарчээ. МҮЭХ-ныхон “Аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд аваасай, ийм хүмүүсийг дэмжиж чадвал үнэнч, тууштай, бүтээлч байдаг” гэдгийг онцолсон. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан байгууллага, аж ахуйн нэгжид төрөөс татварын хөнгөлөлт үзүүлдэг гэх мэдээллийг нэмж өглөө.
Үүний дараа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд очлоо. Төвийн ажилтан П.Баасанжав энд 2010 оноос хойш ажиллаж буйгаа ярив. Тэрбээр хоёр хүүхэдтэй өрх толгойлсон аав. Ажилгүй байхад нь хүлээн авч, дэмжсэн хамт олныхоо хандлага, харилцааны сайхныг тэрбээр онцолж байв. П.Баасанжав хамт олныхоо итгэлийг алдсан удаагүй. Эрхээ эдэлдэг, үүргээ ч биелүүлдэг нэгэн аж. Тэрбээр өнгөрсөн онд байгууллагынхаа хөдөлмөрийн аваргаар шалгарчээ. МҮЭХ-ныхон “Аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд аваасай, ийм хүмүүсийг дэмжиж чадвал үнэнч, тууштай, бүтээлч байдаг” гэдгийг онцолсон. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан байгууллага, аж ахуйн нэгжид төрөөс татварын хөнгөлөлт үзүүлдэг гэх мэдээллийг нэмж өглөө.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс МҮЭХ-ноос удахгүй нэгэн томоохон ажил хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж буй, эсэхийг тодруулж, жагсаалт гаргахаар төлөвлөсөн байна. Мөн тухайн байгууллага, аж ахуйн нэгж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлбөр төлдөг, эсэхийг ч уг жагсаалтдаа оруулах юм байна. Энэхүү ажил нь аж ахуйн нэгж, байгууллагуудад эрэмбэ тогтоох гэсэн хэрэг бус. Харин Хөдөлмөрийн тухай хуулиа хэрэгжүүлж, бусдадаа үлгэр дуурайл үзүүлээсэй гэсэндээ санаачилсан ажил юм билээ.