Өмнөд Солонгост 2018 оны арванхоёрдугаар сард дүрвэгчийн дүр эсгэж ирсэн, БНАСАУ-ын Аюулаас хамгаалах яамны тагнуулчийг Сувон хотын прокурорууд гэм буруутай гэж үзсэнийг “Yonhap” агентлаг уламжиллаа. Тэр эмэгтэй Үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөрчжээ. 40 орчим настай тэрбээр Умард Солонгосоос Өмнөд рүү гарсан хүмүүсийг БНАСАУ руу буцахыг албадаж байсан гэнэ.
БНАСАУ-д оршин сууж байхдаа тэр эмэгтэй 2012 оноос дүрвэгсэд, тэдний гэр бүлийн хооронд мөнгө гуйвуулахад тусалдаг байжээ. 2014 онд түүний үйл ажиллагааг эрх баригчид нь илрүүлж, улмаар 2016 оноос БНАСАУ-ын тагнуулчаар ажиллах болсон аж. Тэрбээр нэг дүрвэгчийн тухай мэдээллийг эрх баригчдадаа өгч, түүнийг ятгаж, нутаг буцаалгасан гэнэ. Тагнуулч эмэгтэй хэргээ хүлээсэн бөгөөд түүнийг шүүх хурал энэ сарын 23-нд болох нь.