Ливийг НҮБ-д төлөөлж байсан тусгай элч Абдулрахман Шалгам АНУ-ын болон Европын хэвлэлүүдэд ярилцлага өгсөн байна. Тэрбээр Ливид болж буй үйл явдлын талаар өөрийн бодлоо илэрхийлсэн аж. “М.Каддафи ойрын 2-3 долоо хоногийн дотор эх орноосоо гарах болно. Бид олон жилийн турш сайн харилцаатай байсан. Гэхдээ тэр эрх мэдлийн төлөө нутаг нэгтнүүдээ хөнөөж байгааг нь би дэмжихгүй байна.
Босогчид М.Каддафитай эвлэрэхээсээ өнгөрсөн. НАТО агаарын цохилтоо үргэлжлүүлсээр байгаа цагт тэрбээр удаан нуугдаж чадахгүй. Үүнийг М.Каддафи сайн ойлгож байгаа. Түүнд үлдсэн ганц гарц бол өөр орон руу зугтах” гэж Абдулрахман Шалгам онцолжээ. Ажиглагчдын үзэж буйгаар М.Каддафи Африкийн орнуудын аль нэг рүү, эсвэл Итали, Беларусь руу явж магадгүй гэнэ.
БЕЛАРУСЬ “ҮГҮЙ” ГЭВ
М.Каддафи эх орноо орхисон тохиолдолд хаана толгой хоргодох вэ гэдэг талаар олон улсын ажиглагчид өөр өөр таамаглал дэвшүүлж байна. Италийн “Corriere della Sera” сонинд бичсэнээр өмнө нь дотно харилцаатай байсан Италийн эрх баригчдад М.Каддафи хандах эрхгүй гэнэ. М.Каддафийн дэглэмийн эсрэг хөдөлгөөн Ливид эхэлж, жагсагчдыг хүч хэрэглэн дарсны дараа Италийн эрх баригчид энэ бүхнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн билээ. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Италийн Гадаад хэргийн сайд Франко Фраттини Ливийн босогчдын байгуулсан Шилжилтийн үндэсний зөвлөлийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн юм.
М.Каддафи Беларусь руу зугтаж магадгүй гэх таамаглал дэлхийн хэвлэлүүдэд гарсны дараа тус улсын Гадаад хэргийн сайд мэдэгдэл хийжээ. “М.Каддафи Беларусь руу нисэх гэж байгаа гэдэг цуурхал. Бид М.Каддафиг эх орондоо орогнуулах талаар шийдвэр гаргаагүй” гэж Беларусийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Андрей Савиных хэлснийг “РИА Новости” дамжууллаа. “The Wall Street Journal”-д бичсэнээр М.Каддафи Ливийн мужуудад хэд хэдэн өргөөтэй, тэднийхээ аль нэгэнд одоогоор байгаа гэнэ.
Дашрамд хэлэхэд, НАТО-гийнхан Ливийн Брега хотыг бөмбөгдөх үеэр 15 хүн нас барж, 20 гаруй хүн шархадсан тухай АР мэдээлжээ. Бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн дийлэнх нь энгийн иргэд байсан аж.
Х.ГЭРЭЛ