Польш, Литватай залгаа Беларусийн хилийн байдал эрс хурцдав. Беларусийн Гродно мужийн хурдны зам дээр курдууд голдуу олон цагаач гарч, Польшийн хил рүү хөдөлжээ. Хилийн шалган нэвтрүүлэх цэгт хүрээгүй байхдаа тэдний зарим нь ой руу орж, хаалт даван Польш руу нэвтрэхийг оролдсон гэнэ. Тэдний дунд гивлүүртэй эмэгтэйчүүд, хүүхдүүд ч байжээ. Үүний хариуд Варшав төдийгүй Вильнюс, Берлин арга хэмжээ авсан байна. Цагаачдын олонх нь Польшоор дамжин Германд очихыг хүсэж байгаагаа мэдэгдсэн аж. Сүүлийн саруудад Беларусийг дамжин өнгөрөх цэг болгон сонгосон цагаачдын тоо эрс нэмэгдэж, хилийн хаалт руу дайрсан нь хүйтэрсэнтэй холбоотой. Харин Минскээс өгсөн улс төрийн дохио биш гэж ажиглагчид үзэж байна.
Хилийнх нь ойролцоо Беларусийн нутаг дэвсгэрээс хууль бусаар нэвтрэх гэж буй 4000 орчим цагаач цугласан байгаа тухай Польшийн тал мэдээлж, Литва ч мөн ийм халдлагад өртөж болзошгүй тул хамгаалалтаа чангатгасныг тэмдэглэсэн юм. Беларусь, Польшийн хил дээр үүссэн цагаачлалын хямрал өнгөрсөн наймдугаар сараас хойш үргэлжилж буй. Польш, Европын Холбооны эссрэг дайсагнасан үйл ажиллагааныхаа хүрээнд зориудаар цагаачдад дарамт бий болгосон хэмээн Беларусийг Польшийн эрх баригчид буруутгадаг. Мягмар гаргаас Беларусьтай залгаа хилээ Польш хаажээ. Хил дээр хувь хүн, тээврийн хэрэгслийг бүртгэхээ Польш дангаар зогсоох шийдвэр гаргах бодитой шалтгаан байхгүй гэж Беларусь мэдэгдсэн байна.
Энэ он гарснаас хойш тус хоёр улсын хилийг 30 мянга орчим цагаач нэвтрэхийг оролджээ. Польш хилийн бүс нутагтаа онц байдал тогтоож, хамгаалалтад туслах цэргийн тоог нэмсээр 12 мянгад хүргээд буй. Үүний сацуу Варшавын санаачилгаар хоёр тал хил дээрээ өргөст торон хаалт босгосон бөгөөд цаашид мэдээлэл дамжуулагчаар тоноглосон тав орчим метр өндөр хана болгохоор төлөвлөжээ.
Литва улс цагаачид олноороо бөөгнөрсөнтэй холбоотойгоор Польш, Беларусьтай залгаа хил рүүгээ цэргээ татаж байна. Түүгээр зогсохгүй Ази, Африкийн орнуудаас хууль бус цагаачдын томоохон урсгал Польшийн хил рүү шилжиж буй. Үүнтэй холбогдуулан Литва тус улстай залгаа бүс нутагтаа онц байдал тогтоожээ. Тэгвэл цагаачдын гол бай болох Герман улс урьдын адил Европын Холбооны нэгдсэн хариу арга хэмжээний хүрээнд тэднийг Польш руу хэсэгчлэн албадлагаар буцааж байгаа гэнэ.
Харин НҮБ 1951 оны Дүрвэгсдийн тухай конвенцын дагуу цагаачдыг улс төрийн зорилгоор ашиглахыг эсэргүүцэж буйг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррик Польш, Беларусийн хил дээр байдал хурцадсан тухай мэдээллийн дагуу тайлбар өгөхдөө мэдэгджээ.