Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хэлэлцээний өрөг дээрх шатрын нүүдлүүд тодорсоор байна. “Рио тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хоёр тал хэлэлцээний ширээний ард суусан. Тэрбээр Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт дөрвөн санал бүхий захидал илгээж хэлэлцээг эхлүүлсэн билээ. Нэхэн сануулахад, “Рио тинто” групп Монголын Засгийн газарт “Оюутолгой” компанийн хувьцааны 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийн 70 хувь буюу 1.6 тэрбумыг тэглэх, өмнө нь мэдэгдсэн ёсоор ирэх гурван жилд нэг их наяд орчим төгрөгийн төсвийн дэмжлэг үзүүлэх санал тавьсан. Мөн гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлт болох 1.4 тэрбум ам.доллароос менежментийн төлбөр авахгүй байх, уг төслийг санхүүжүүлэхээр 15 банкнаас авсан 4.2 тэрбум “ногоон”-ы зээлийн баталгааны шимтгэлийг тэглэх санал тавиад буй. Эдгээр саналыг хэрэгжүүлснээр “Оюутолгой” төслийн нийт өгөөжийн 53-аас дээш хувийг Монгол Улс хүртэнэ гэсэн тооцооллыг “Рио тинто”-гийнхон хийжээ.
Тэгвэл Оюутолгойн хэлэлцээг хийх Засгийн газрын ажлын хэсгийг төлөөлж буй Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Рио тинто”-гийн талд төслөөс эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн цайруул гэсэн санал зөрүүлэн тавьснаа дуулгав. “Монголчууд ашигт малтмалын нөөцөө ашиглуулчихаад зээл авах ёсгүй байсан” гэж ярьдаг хүмүүсийн санааг амраасан санал тавьжээ. “Рио тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд элэг нэгтнүүдийнхээ саналыг богцолж аваад Лондонг зорьсон. Мэдээжийн хэрэг “Рио тинто” группийн дээд түвшний удирдлагуудтай зөвлөлдөж, Монголын саналыг хүлээж авах, эсэхээ эцэслэн шийдвэрлэх биз.
УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд баталсан Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолд анхаарал татах хоёр гол заалт бий. Эхнийх нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах заалт юм. Энэ бол хоёр гэрээг сайжруулан нэмэлт, өөрчлөлт оруул гэж УИХ-аас өгсөн үүрэг. Тиймээс Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулна гэж мэдэгдэж буй. Хөрөнгө оруулалтын гэрээнд зөрүүтэй ойлголт үүсгэхээр тусгасан учраас Засгийн газар “Оюутолгой” компанитай байсхийгээд татварын маргаан үүсгэдэг. Өдгөө олон улсын арбитраар шийдвэрлүүлэх хэмжээнд асуудал хурцдаад байгаа билээ.
Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээнд татвартай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах санал Монголын талаас гаргах нь тодорхой. Гэвч ямар санал тавьж буй талаараа ажлын хэсгийнхэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувьд тогтворжуулсныг зэсийн ханшийн өсөлттэй уялдуулан роялти авдаг байдлаар өөрчилнө гэж мэдэгдсэн. Ордын нөөцийг багасгах шаардлага үүсэх учраас ингэх нь буруу гэж уул уурхайн салбарын мэргэжилтнүүд үздэг. Үүгээр зогсохгүй Монголын уул уурхайн салбараас гадаадын хөрөнгө оруулагчид дайжих, сонирхохоо болих нөхцөлийг бүрдүүлнэ гэж эмээдэг. Ийм учраас сайтар тооцоо, судалгаа хийж, болгоомжтой хандах шийдэл юм. Ямартай ч хөрөнгө оруулалтын гэрээнд их, бага хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулах нь дамжиггүй.
Хувь нийлүүлэгчдийн гэрээнд “Оюутолгой” компанийн засаглалтай холбоотой гол өөрчлөлтүүд оруулна. Хөрөнгө оруулалтын зардал дахин хэтэрвэл хэрхэх вэ, хэн хариуцлага хүлээх вэ, үүнийг хянахын тулд жил бүр төсөлтэй холбоотой техникийн дүгнэлт гаргаж байя гэх мэт хоёр талын ойлголцол, үйл ажиллагааны механизмыг сайжруулсан заалтууд тусгах болов уу.
УИХ-ын 92 дугаар тогтоолын дараагийн гол заалт бол “Дубайн гэрээ” гэж нэрлэх болсон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах юм. Засгийн газраас “Дубайн гэрээ”-г цуцална гэж олон удаа мэдэгдсэн. Гэвч тийм үйлдэл хийсэнгүй. Хоёр тал бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө баталж, 15 банкнаас зээл авсан. Тиймээс энэ бол Монгол Улс зөвхөн “Рио тинто” групптэй ярилцаад шийдвэрлэчих асуудал биш гэлцдэг. Төлөвлөгөөний хэрэгжилтэд Монгол Улсын эрх ашгийг хангуулж, сайжруулах нь зүйн хэрэг юм. Уг төлөвлөгөөг цуцалчихвал бид атгасан барьцаа алдчих юм биш үү. Энд нэгэн зүйлийг дурдъя. Алдаатай, оноотой ч бай, тухайн цаг үеийнхээ нөхцөлд тохирсон хамгийн сайн шийдэл гэж баталсан гурван баримт бичигт тулгуурлан өнөөгийн яриа хэлэлцээ үргэлжилж байгааг санах хэрэгтэй.
Ажлын хэсгийнхний хөрөнгө оруулалтын зээлийг цайруулах саналыг “Рио тинто”-гийнхон хүлээж авбал гайхамшигтай хэлэлцээ болно. Өнөөгийн тооцооллоор Монгол Улс 2050 он гэхэд хөрөнгө оруулалтын зээлийн 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ. Энэ их өр тэг болно гээд бод. Даанч хөрөнгө оруулагч тал бидэнд ийм боломж олгох, эсэх нь эргэлзээтэй. Бараг л үгүй болов уу. Уул уурхайнхан газрын хэвлийд байгаа ашигт малтмал бол нөөц. Харин түүнийг газар дээр олборлож гаргаж ирвэл баялаг болно гэж ярьдаг. Монгол Улс Оюутолгой ордын эзэн. Харин “Оюутолгой” компани ордын нөөцийг баялаг болгож буй этгээд. Эл этгээдийн хувьцааны 66 хувийг “Рио тинто”, 34-ийг Монгол Улсын Засгийн газар эзэмшиж буй. “Оюутолгой” компани Монгол Улсын нөөцийг ашигласныхаа төлөө татвар төлдөг. Нөөцөө ашиглуулж татвар хураах, лиценз эзэмшигчийнх нь хувьцааг эзэмших хоёр шал өөр ойлголт. “Рио тинто” хамтарч бизнес эрхэлж байгаа бол хувьцаандаа тохирох хөрөнгө оруулалтаа хий л гэнэ. Угаас энэ нь бизнесийн алтан зарчим билээ.
“Рио тинто” монголчуудын саналыг хүлээж авбал бизнесийн энэ зарчмаас ухрах хэрэг гарна. Улмаар дэлхийн хаана нэгтэй хэрэгжүүлэх дараагийн төслүүд нь Монголын арга барилыг хэлэлцээний жишиг болгоно гэж болгоомжлох нь гарцаагүй. Товчхондоо, Монгол Улстай бусад нь барьцах нөхцөл үүсгэхээс болгоомжилно гэсэн үг. Монголчуудын саналыг хүлээж авахгүй байх өөр нэг өнцөг хөндлөнгөөс харагдаж буй. Тэр нь “Туркойз хилл ресурс” компанийн хувьцаа эзэмшигчид. Энэ компани “Оюутолгой” төслийг санхүүжүүлэхийн тулд олон удаа нэмэлт хувьцаа гаргасан. Хувьцааныхаа тоо ширхгийг нэмэхийн хэрээр ханш унасан юм. Тиймээс энэ компанийн хувьцаа эзэмшигчид “Рио тинто”-той заргалдаж эхэлсэн. Тэд их ууртай байгаа. Охин компанидаа зээлсэн мөнгийг нь тэглэчихвэл “Туркойз хилл ресурс”-ийн хувьцаа эзэмшигчдийн уур улам дүрэлзэх нь ойлгомжтой. Эцсийн бүлэгт энэ нь “Рио тинто”-гийн нэр хүндэд халтай.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зээлийн санхүүжилт сарын дараа дуусна. Хэрэв “Оюутолгой” компани борлуулалтын орлогоороо санхүүжүүлбэл ирэх оны эхний улирлыг дуустал бүтээн байгуулалт хийх боломжтой аж. Түүнээс цааш нэмэлт санхүүжилт татах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хэтэрсэн зардлыг санхүүжүүлэх 1.4 тэрбум ам.долларыг олох шаардлагатай гэсэн үг. УИХ-аас байгуулсан, 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хянах түр хорооны гишүүд хэлэлцээ нэг тийш болтол “Оюутолгой” компанийн төсвийг батлахгүй байхыг Монголыг төлөөлж буй Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд үүрэгджээ. Төсвийг нь баталчихвал зардлын хэтрэлтийг Монголын тал хүлээн зөвшөөрсөн болно гэж УИХ-ын гишүүд үзэж буй гэнэ. Зээлийн санхүүжилт дуусах үед байдал улам эвгүйтэх нь. Хөрөнгө оруулалтын зээлийг тэглэх хүлээж авах боломжгүй санал гаргасан, “Оюутолгой”-н төсвийг батлахгүй гүрийсэн гэж шалтаглаад “Рио тинто” далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг зогсоочих вий. “Рио тинто”-гийн халаасанд төслийн бүтээн байгуулалтыг зогсоох тактик, төлөвлөгөө бэлэн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Төслийн зардлыг хэтрүүлсэн, хугацааг хойшлуулсан буруугаа хүлээж, захидал илгээсэн, хөрөнгө оруулалтын зээлийг 70 хувиар бууруулах, төсвийн дэмжлэг үзүүлэх, зарим төлбөр, хураамж тэглэх санал гаргалаа. Гэтэл та нар даварч байна гээд зогсоочихож мэдэх л юм.
“Рио тинто”-гоос манай талд тавьсан саналуудыг учир мэдэх хүмүүс тун дажгүй гэж үнэлж байна. Тэгвэл хөрөнгө оруулалтын зээлийг бүрэн цайруулахаас өөрөөр “Рио тинто”-гоос нэмж мөнгө нэхэх ямар боломж байна вэ. Хөрөнгө оруулалтын зээлийг 1.6 тэрбум ам.доллароор бууруулан 700 саяд хүргэлээ гэж бодъё. Засгийн газар хөрөнгө оруулалтын зээлдээ жилд Лондоны банк хоорондын хүү буюу Libor дээр нэмэх нь 6.5 хувийн хүү тооцуулж буй. Тэгвэл зээлийн хүүг нь бууруулах санал тавьж яагаад болохгүй гэж. Үлдэх 700 сая ам.долларын зээлд жилд Libor дээр нэмэх нь гурав гэсэн хүү төлөх санал гаргаж болно. Гурав гэж дурын тоо ашигласныг энд сануулъя. Мэдээжийн хэрэг хүү ямар байх саналыг тооцоололд үндэслэж байж гаргах нь дамжиггүй. “Дубайн гэрээ” буюу далд уурхайг санхүүжүүлсэн 5.3 тэрбум ам.долларт төлсөн менежментийн төлбөрийг ч буцаах санал гаргаж болно. Ерөөс хөрөнгө оруулалтын зээлийг бүрэн тэглэхгүйгээр “Рио тинто”-гоос нэмж мөнгө нэхэх иймэрхүү боломжууд л бий.
Хэлэлцээний ширээний ард суугаад ч хэн, хэн нь бууж өгөхгүй, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг зогсоовол яах вэ. Хэдэн мян ган хүн ажлын байргүй болно, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурна, валютын ханш чангарна, Монгол Улсын зээлжих зэрэглэл дордоно. Улс төрийн тогтворгүй байдал нүүрлэнэ. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд “сөрөг” зааж, микро түвшиндээ нэвчинэ. Товчхондоо, Монголын зовлон томорно.
Хоёр тал одоо ойлголцож чадахгүй байлаа гэж бодъё. Хагас жилийн дараа ч юм уу, дахиад хэлэлцээний ширээний ард сууна. Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна. Гэхдээ бүх зүйлд Монгол Улс ялахгүй. “Дубайн гэрээ”-г цуцалсан ч зардлын хэтрэлтийг нэмж тодотгоод өөр нэр өгөөд цааш явна. Магадгүй “Ханбогдын гэрээ” гэж нэрлэх биз. Ийм төсөөлөл, дүр зураг харагдаж байна. Мөн ирээдүйд үүсэх байсан 22 тэрбум ам.долларын өрийн дийлэнхийг бууруулсан, ногдол ашиг авах хугацааг наашлуулсан, төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг 60 хувьд хүргэсэн үр дүнд хүрнэ гэж найдаж байна.