Манай гаргийн долоон тэрбум гаруй хүний 15 орчим хувь буюу нэг тэрбум гаруй нь ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч буйг ДЭМБ-ын 2019-2020 оны тайланд (Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн боломжийн талаарх хэсэг) дурджээ. Харах, сонсох, тулах эртхний бэрхшээлээс гадна хөгжлийн бэрхшээл гэдэгт насжилт болон чихрийн шижин, зүрх, судасны өвчин, хавдраас үүдэлтэй эрүүл мэндийн асуудлыг ч багтааж буй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа нь дэлхийн хэмжээнд үүссэн эрүүл мэндийн нөхцөл байдалтай холбоотой аж. Тиймээс аливаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдын эрүүл мэнд, сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмжид нийтээрээ анхаарал хандуулах ёстойг ДЭМБ-аас Засгийн газруудад уриалжээ. Мөн ийм шалтгаантай нэгнээ нийгэмшүүлэх, бие даан амьдрахад нь туслах учиртайг төрөл бүрийн зөвлөмжөөрөө сануулсаар ирсэн. Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр ДЭМБ-аас боловсруулж, 2015 онд буюу одоогоор хамгийн сүүлийн үеийн “Хөгжлийн бэрхшээлийн талаарх дэлхийн тайлан”-д дурдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бусдаас доогуур түвшинд авдаг. Ингэснээр ерөнхий эрүүл мэндийн байдал нь дордох, үйлдэл, үйл ажиллагаа болон нийгмийн оролцоо нь хязгаарлагдах, сурч боловсрох боломж нь хумигдах, энэ бүхнээс шалтгаалан амьдралын чанар нь муудах зэрэг сөрөг нөлөөтэй аж.
АНУ-д хийсэн судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүст байнгын асаргаа дутах, харгалзах асрагчгүйн улмаас сандал, орноос унах зэргээр ахуйн осолд өртөж гэмтэж бэртэх нь түгээмэл, ийм эрсдэл байнга тулгардаг болохыг тогтоосон байдаг. Ийнхүү гэртээ осолдох, эрүүл мэнд нь хохирох, цаашлаад сэргээн засах тусламж, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаагийн нэг шалтгаан нь нийгэмшээгүй, хамт олноос тусгаарлагдмал байдалтай нь шууд холбоотой. Тиймээс хөгжингүй орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст энэ талын тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүднээс хамт олонтой байлгах, дэмжих үйлчилгээг хүргэх, бие даасан байдлыг нь дэмжих замаар уг асуудлыг шийддэг аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэр бүлийн гишүүдийг нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд түлхүү оролцуулах замаар эл асуудлыг шийддэг жишигтэй. Улс орнууд хамт олонд түшиглэсэн сэргээн засах, эрүүл мэндийн туслах үйлчилгээний загварт шилжиж, үүнд хөрөнгө гаргаж, хүний нөөц бэлтгэх иж бүрэн хөтөлбөр, төлөвлөгөөтэй ажиллаж байна.
…ХБНГУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие болоод сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, ганцаардлаас ангижруулах зорилгоор амьтан тэжээхийг нь дэмжин, нохой, муурыг татвараас чөлөөлдөг аж. Мөн байнгын асаргаа шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асран хамгаалагч гэр бүлээс аль нэгийг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тогтмол үнэ төлбөргүй, дугааргүйгээр хамруулдаг байна…
Жишээ нь, ОХУ-д биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх нэмэлт боловсролын хөтөлбөр болох танин мэдэхүйн аяллын сургалтууд зохион байгуулдаг. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих, нийгэмшүүлэх зорилготой юм байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвхөн боловсрол, соёлын байгууллагууд оролцохгүй. Үүнийг эрүүл мэндийн байгууллага, нарийн мэргэжлийн эмч нарын хяналт, ажиглалттай явуулах зэргээр хөтөлбөрийн агуулгад тусгажээ. Нийгмийн үйл ажиллагааны хүрээнд бие махбодын болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүд өөрийгөө ухамсарлах чадварт суралцдаг аж. Үүнээс гаднахөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ (нас үл харгалзана. Өдгөө үйлчилж буй хуулиар дөрөв хүртэлх настай хүүхэд гэж заасан байдаг) эмнэлэгт сахиж буй асран хамгаалагчийг үнэ төлбөргүй хооллох, ор хоногийн зардал тооцохгүй байхаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд ирэх оноос мөрдөх болов. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагч, ар гэрт үзүүлж буй эрүүл мэндийн дэмжлэг гэж хуулийн төсөл боловсруулагчид нь тайлбарласан байна. Тус улс 2022 оноос мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг удаан хугацаанд сувилгаанд хамруулах тогтолцоог нэвтрүүлэхээр хуульчилжээ.
Тэгвэл Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн, тэр дундаа сэргээн засах тусламж, үйлчилгээг гэрт нь очиж үзүүлэхэд онцгой анхаардаг юм байна. Энэ нь цаг хугацаа, чирэгдлийг багасгахын зэрэгцээ тухайн айлд цэвэрлэгээ, ариутгал болон бусад үйлчилгээ үзүүлэхэд дөхөмтэй байдаг гэнэ. Гэрийг нь цэвэрлэхээс эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг усанд оруулж, бие засуулах, хоолыг нь хийж өгөх зэргээр давхар үйлчлэх бөгөөд энэ хооронд асран хамгаалагчид нь гаднах ажлаа амжуулахын зэрэгцээ амарч, өөртөө цаг зарцуулах боломж бүрддэг давуу талтай аж. Хэрэв тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран хамгаалагч нь эмнэлэгт хэвтэх, хол газар луу явах шаардлага гарвал эрүүл мэндийн тусламж үзүүлэгч гэрт нь түр хугацаанд байрлаж, үйлчилгээ үзүүлдэг. Ийм цогц үйлчилгээний салшгүй гол хэсэг нь эрүүл мэндийг нь дэмжих цаг буюу дасгал, хөдөлгөөнийг тохирсон ачааллаар хийлгэх дадалд хэвшүүлэх явдал гэнэ. Мөн биеийг нь даалгах талаар зөвлөж, шаардлагатай бусад үйлчилгээ, ижил бэрхшээлтэй хүмүүстэй холбоход зуучилдаг юм байна. Энэ бүх үйлчилгээний зардлыг улсаас нь гаргадаг зохицуулалттай.
ХБНГУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие болоод сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, ганцаардлаас ангижруулах зорилгоор амьтан тэжээхийг нь дэмжин, нохой, муурыг татвараас чөлөөлдөг аж. Мөн байнгын асаргаа шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асран хамгаалагч гэр бүлээс аль нэгийг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тогтмол үнэ төлбөргүй, дугааргүйгээр хамруулдаг байна. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн арга хэмжээнүүдэд хамруулах, хооронд нь уулзуулах нь эрүүл мэндийг нь дэмжих том хөшүүрэг гэнэ. Ийм жишиг Европт хэдийн тогтсон бөгөөд тус тивийн олон оронд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хувийн туслахын үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой байдаг. Германы хувьд энэ нь зөвхөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамаарахаар заажээ. Бусад тохиолдолд хотын захиргааны зардлаар цагаар дагалдан асрагч хөлслөх боломжтой. Үүнтэй төстэй систем Швейцарт бий. Ийм шинэлэг зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийнхэнд онцгой нөлөө үзүүлдэг юм байна.
Италийн AIFO нийгэмлэгээс ДЭМБ-ын Сэргээн засах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлэг, Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагатай хамтран иргэд өөрийгөө удирдах чадвар эзэмшиж, эрүүл мэндээ хамгаалах чадвартай, эсэхийг тодорхойлох судалгааг хэд хэдэн оронд хийжээ. Уг судалгааны үр дүнд иргэд ижил төстэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүлэгт нэгдсэнээр эмнэлгийн тусламж үзүүлэхэд суралцах боломжтойг тогтоосон байна. Энэ нь нэг талаар нийгэмших, ингэснээр эрүүл мэндийн наад захын тусламжийг өөртөө болон бусдад хүргэх мэдлэг, дадалтай болох, цаашлаад олны хүрээлэлд орох боломж гэдгийг онцолжээ. Никарагуад ийм клубүүд олон бий аж. Уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд харилцан ярилцаж, туршлага мэдлэг, мэдээллээ хуваалцан, бие даан эрүүл мэнддээ анхаарал тавьж сурдагбайна. Үүнийг өөрчлөлтийн төлөөх түншлэл гэдэг аж.
Ташрамд дурдахад, Италийн AIFO нийгэмлэгийнхэн манай улсад 1990 оноос хойш хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Тэгш дүүрэн” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төрөл бүрийн хөтөлбөр, үйлчилгээнд тэгш хамруулахыг дэмжих зорилготой бөгөөдөдгөө Хэнтий аймгийн Мөрөн сумд амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Уг төслөөр дамжуулан өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй, эмзэг бүлгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж олгож байна. “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хүрээнд 2009 онд тус сумын 40 иргэн өөрийн гэсэн ямаан сүрэгтэй болж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж хүртсэн байдаг. Үүнээс гадна AIFO нийгэмлэгээс 2019 онд манай оронд “Хамт олонд хамруулан хөгжүүлэх нь” дөрөвдүгээр их хурал зохион байгуулсан юм. Энэ мэт туршлагад тулгуурлан манай улс ч хамт олонд түшиглэсэн сэргээн засах үйлчилгээг хөгжүүлэх цаг болжээ.