Беларусийн нийслэл Минскт “Чимээгүй хувьсгал” нэртэй эсэргүүцлийн цуглаан болсон тухай “РИА Новости” мэдээлжээ. Өнгөрсөн лхагва гаригт тус хотын төв талбайд 20-30 насны залуус цуглаж, эрх баригчдын явуулж буй бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Тэд лоозон барилгүй амандаа скоч наан зөвхөн алгаа ташиж, хөлөөрөө газар дэвсэлж, шүгэлдсэн аж. Зөвшөөрөл аваагүй гэсэн шалтгааны улмаас 150 гаруй жагсагчийг цагдаа нар баривчилжээ.
Тэд жагсагчдыг бороохойгоор цохиж, машин руу чирч гулдран, дуу өсгөгч ашиглан иргэдийг тарж явахыг шаардсан гэнэ. Түүнээс гадна зоогийн газар, баар, кафед цугларсан хүмүүс жагсагчидтай санал нэгтэй байгаагаа алга ташилтаар илэрхийлжээ.
“Чимээгүй хувьсгал”-ыг интернэтээр зар ласныхаа дараа зохион байгуулсан тул урьд өмнөх жагсаалуудаас олон хүн ирсэн гэж ажиглагчид хэлж байна. Беларусийн эрх баригчид жагсаалын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй аж.
Х.ГЭРЭЛ