АНУ-ын завсрын сонгууль болоход ердөө нэг жил үлдсэн энэ үед тус улсын Ерөнхийлөгч Жозеф Байден хүнд байдалд оржээ. Түүний хийж буй ажлыг дэмжигчдийн түвшин буурч, захирагч нарын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид ялагдсан байна.
Бүтээн байгуулалтын ажлыг өргөн хүрээтэй хийж, дотоодын хөрөнгө оруулалтыг дээд хэмжээнд хүргэж, олон улсын тавцанд Америкийг гаргахаар жилийн өмнө амлаж байсан түүний нэр хүнд сүүлийн хэдэн сард дараалан унаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард тангараг өргөснийх нь дараа Ж.Байдены үйл ажиллагааг америкчуудыг 50 орчим хувь нь дэмжиж байсан бол өнгөрсөн наймдугаар сарын эцсээр эсэргүүцэгчдийнх нь үзүүлэлт дэмжигчдийнхийг анх удаа давжээ. Өнгөрсөн ням гарагт явуулсан судалгаагаар түүнийг дэмжигчдийн түвшин анх удаа 37.8 хувьтай гарсан нь Төрийн тэргүүнээр ажиллаж эхэлсэн цагаас нь хойших хамгийн муу үзүүлэлт болсон аж. Үүнийг Афганистанаас АНУ-ын цэргийг гаргаж, “Талибан” хөдөлгөөнийхөнд тус улсыг хяналтдаа дахин авах боломж олгосонтой шинжээчид холбон тайлбарлажээ. Мөн Ардчилсан нам доторх үл ойлголцлын улмаас Жозеф Байден төсвийн томоохон зардал гаргахад шаардлагатай хууль яаралтай батлуулж чадаагүй нь түүний нэр хүндэд нөлөөлсөн байхыг ажиглагчид үгүйсгээгүй байна.
Нам доторх жигүүрүүд хоорондын хэлэлцээ их цаг авч байгаа бөгөөд энэ нь жирийн америкчуудын хувь нь юу ч хийхгүй байгаа юм шиг, эсвэл хөшигний цаадах утгагүй явуулга мэт санагдаж буй аж. Сенатын танхимд 36 жил ажилласан туршлагатай, бодитой өөрчлөлт хийхээ амлаж Ж.Байденд тулгарсан хүндрэл гэнэтийн үйл явдал болжээ. Сонгогчид нь инфляц өсөж, бензиний үнэ нэмэгдэн, зарим барааны хомсдол үүссэнд түгшиж буй. Энэ бүх хүндрэл дэлхийн ложистик болон эрчим хүчний үйл явцтай мөн холбоотой. АНУ-ын өмнөд хил дээр бөөгнөсөн цагаач, дүрвэгсдийн тоо энэ онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн. Энэ бүхэн нь Ж.Байденыг бас нэг “гайхалтай агшиж буй Ерөнхийлөгч” болоход хүргэх эрсдэлтэй байгааг “Вашингтон пост” сонины тоймч Дэвид Игнатиус анхааруулахад хүргэжээ. Амлалт, шинэчлэл нь цаасан дээр үлддэг удирдагчдад шинжлэх ухааны уран зөгнөлт киноны нэрийг өөрчлөн ийм шошго зүүдэг аж.
Конгресс дэх маргааны улмаас Америкийн удирдагч Глзагогийн уур амьсгалын дээд хэмжээний уулзалтад гар хоосон очжээ. Өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын “Америк бүхний түрүүнд” хэмээх уриалгыг Б.Байден эрс няцааж, “Америк эргэн ирлээ” гэсэн зарчмаа зарласан. Атлантын далай дамнасан харилцаагаа бэхжүүлэх талаар тэрбээр уг зарчим баримталж, АНУ, Европын Холбоо хоорондын хөнгөн цагаан, гангийн татвар, зургадугаар сард “Boeing”, “Airbus” компаниас авах татаасын талаарх маргаанаа хэлэлцэн, тохиролцоонд хүрсэн билээ. Гэвч атомын шумбагч хөлөг онгоцны талаар Британи, Австралитай саяхан байгуулсан гэрээ нь Афганистанаас цэргээ гаргасны дараа дэлхий нийтийг дахин цочирдуулсан үйл явдал болсон юм.