Үндэсний урлагийн их театр уран бүтээлийн 62 дахь улирлаа урын сангийнхаа хүндтэй бүтээл “Монголын их хатад” бүжгэн жүжгээр энэ сарын 19-нд нээх бөгөөд 20, 21-нд ч тоглох аж. Зохиолч Н.Болдын цомнол, Төрийн шагналт Б.Мөнхболдын хөгжим, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар ерөнхийлөн дэглэсэн уг бүтээлийг одоогоос 10 жилийн өмнө үзэгч олонд анхлан өргөн барьсан юм. Уран бүтээлчид, үзэгчдийн хэн хэн нь урлагийн тоглолтоос хоёр жил хөндийрсөн энэ цаг үед театрынхаа шинэ улирлыг чухамхүү энэ жүжгээр эхлүүлэх болсон нь учиртай биз ээ. Энэ талаар тус театрын ерөнхий найруулагч, жүжгийг анхлан тайзнаа тавихад Өүлэн хатны хэсгийг дэглэн найруулсан Гавьяат жүжигчин А.Даваахүүгээс тодруулсан юм. Тэрбээр “Түүх, соёл, уламжлал, төр улс, хаадын хэрэг явдал, сургамж гээд олон талын ойлголт, ухагдахууныг багтаасан, мөн бүжиг дэглэх, найруулах, хөгжмөөр илэрхийлэхийн тухайд шилдэг бүтээлүүдийн нэг болсон гэж үздэг тул уг бүжгэн жүжгээрээ үзэгч олноо угтъя гэж шийдсэн. Энэ бол Монголын түүхийн онцгой цаг үеүдэд хаан байсан хувь хүмүүсийг бүхий л талаар хөглөж, хөдөлгөж, чиглүүлж ч ирсэн их хатдыг магтан дуулсан бүтээл. Домог, туульсын дүр мэт боловч монголчуудын суу ухаан, төр, улсуудын үндэс суурь батжихад чухал нөлөө үзүүлсэн Гоо Маралаас эхлээд түүхэн гавьяа байгуулсан хатдыг товойлгож уран сайхны дүр хэлбэрээр өнөө цагийнханд таниулдагт ач холбогдол нь оршдог. Уг бүтээлээр түүхэн үйл явдлуудыг толилуулдгийн сацуу тухайн үеийн монголчуудын уламжлалт соёл, ёс заншил, бүжиг, хөгжмийг судлан сэргээж, тайзнаа “амилуулан” тавьснаар онцлог. Жүжгийн дүрүүдийг авьяас төгөлдөр, гоо үзэсгэлэнт гоцлол бүжигчид бүтээн, төрүүлэн гаргасан. Эдүгээ театрын зүгээс бодлогоор залуу үеийн бүжигчдэдээ итгэл хүлээлгэж, цуутай хатдын суутай дүрүүдийг даатгаж байгаа нь бас нэгэн төрлийн сорилт юм. Театр өнөөдөр бүжигчдээрээ бахархаж байна. Тэднийгээ нэрлэж хүндэтгэмээр байна. Монголчууд бидний бахархалт дээд өрлөг эх Гоо Маралын дүрд бүжигчин О.Дөлгөөн, М.Хулан нар, алтан сургаалаараа домог болсон Алунгоо эхэд Г.Уянга, М.Бүжидмаа, Тэмүүжин-Чингисийн эх, “Төрийн хатан эх” өргөмжит Өэлүн хатны дүрд бүжигчин Л.Энхболор, Ч.Чинсэтгэл, харин Чингис хааны их хатан, “Богдын түшээ, гэгээн ивээлт хатан” цолыг ач хүү Хубилайгаар нэхэн шагнуулсан Бөртэ хатны дүрд бүжигчин М.Болорчимэг, М.Мишээл нар тоглоно. Өгэдэйн хатан бөгөөд хааныг насан өөд болсны дараа төрийн эрх барьж байсан Дөргөнэ буюу Туркана хатны дүрийг бүжигчин Э.Номин, Ж.Мандухай, Чингис хааны отгон хөвүүн Толуйн хатан, Чингис хааны зарлигаар “Төрийн бөө, цэцэн хатан”-аар өргөмжлөгдсөн Сорхугтани хатныхыг М.Бямбаа, Д.Оюунчимэг, Хубилай хааны хатан, ач хүү Өлзийт Төмөр хаанаас “Гэгээн ухаант зохист хатан эх”-ээр өргөмжлөгдсөн Чимбай буюу Чаби хатны дүрийг О.Жавзан, Б.Болор нар бүтээнэ. “Алтан ураг”-ийн төлөө Боржигон удмын Баянмөнх жононг аварсан их гавьяатан Самар хатны дүрд Ш.Батгэрэл, Б.Отгонцэцэг, Монгол төрийг дөчин жил нэгтгэн захирсан сэцэн билигт хатан Мандухайн дүрд Ж.Мандухай, Л.Энхболор нар тоглоно” хэмээв.
Ташрамд дурдахад, тус театрт Соёлын яамнаас явуулж буй “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” сарын аянтай театрын өвөл цагийн үзвэрийн нээлтийн тоглолтоо уялдуулж буйгаар онцлог аж.
Бэлтгэсэн Р.Оюунаа