Нийслэлд өнөөдрийн байдлаар 43 мянга гаруй Жижиг дунд үйлдвэр эрхлэгч байдаг бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, экспортын 2.4 хувийг бүрдүүлж байна. Энэ дотроо аялал жуулчлал дагасан боруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой монгол соёл уламжлал бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 11 мянган аж ахуй нэгж байдаг аж. Цар тахлын улмаас эдгээр аж ахуй нэгжийн үйл ажиллагаа хумигдахад хүрээд байна.
Иймээс Соёлын яам “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд дээрх аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс сорчлон шилдэг бүтээлүүдээр өнөөдөр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд дэлгэлээ.
Үзэсгэлэнд бурхан урлаачдын урласан бурхад, Монгол эрэгтэйн их гарын хэт хутга, хөөрөг, гаанс, даалин, Монгол хатадын зүүсгэл өмсгөл, дээл ууж, Монголчуудын эрт дээр үеэс эхлэн өдөр тутамдаа эдэлж хэрэглэж байсан домбо гүц, эсгий урлалын бүтээлүүд, Монгол үндэсний хэв загварын хувцас, гоёл чимэглэлүүд, зэс болон мөнгөн аяга, хээ угалзтай авдар зэрэг түүх соёлын дурсгал болох 400 орчим нэр төрлийн соёлын бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцууллаа.
Энэ үеэр соёлын бүтээгдэхүүнийг экспортод гаргах, үнэ цэн бүтээх талаар ЖДҮ эрхлэгчид харилцан санал солилцсон байна.
Энэ үеэр, Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, "Бүтээлч үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид болон хүрэлцэн ирсэн зочид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 2021 оныг “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ БҮТЭЭЛЧ ЭДИЙН ЗАСГИЙН ОЛОН УЛСЫН ЖИЛ” хэмээн зарласан. Энэ хугацаанд цар тахлын улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд байлаа. Дэлхий даяараа цар тахлын дараах хэвийн амьдралд шилжиж, эдийн засгаа сэргээхээр зүтгэж буй энэ цаг үетэй хөл нийлүүлэн Монгол Улсын Засгийн газар ч гэсэн ч эдийн засгаа сэргээх бодлого баримталж, салбар бүрийн үйл ажиллагааг үе шаттай сэргээж байгаа. Соёлын яам мөн улсын хэмжээнд соёлын үйлчилгээг нээж, салбараа сэргээх, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх нэн тэргүүний бодлого баримталж байна. Энэхүү зорилгынхоо хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг дуусгаж, бүтээлч үйлдвэрлэл гэж юу болохыг таниулах, урлаг, уран бүтээлчид болон үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийг дэмжих зорилготой СОЁЛЫН БҮТЭЭЛЧ сарын аяныг санаачлан эхлүүлээд байна. Аяны хүрээнд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран СОЁЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН-ийг зохион байгуулж асуудал шийдлээ ярилцсан бол өнөөдөр бид соёлын бүтээгдэхүүн гэж юу байдгийг, бүтээлч үйлдвэрлэл хэрхэн бий болсныг өөрсдөө үзэж байна. Өөрөөр хэлбэл, бид шавхагдашгүй оюун ухааны арвин их нөөцтэй, өв соёлтой. Уг нөөцийг үе уламжлан хадгалж оюун ухааны өв болгон өргөн түмэндээ хүртээж, цаашлаад олон улсад үнэ цэнийг илэрхийлж чадахуйц ураар баяжуулсан бүтээгдэхүүнийг ЖДҮҮ эрхлэгчид үйлдвэрлэдэг болохыг бид өнөөдөр бэлхнээ харж болно. Та бүхэндээ амжилт хүсье” гэлээ.
Мөн энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ, "Өнөөдрийн үзэсгэлэнд соёлын маш нандин бүтээлүүд дэлгэгдсэн байна. Эдгээр бүтээлийг экспортлох бүрэн боломжтой гэдэг харагдаж байна. Гар аргаар хийгдсэн, үнэ цэнтэй олон бүтээгдэхүүн байгааг худалдан борлуулах тал дээр төр бодлогын зохицуулалт хийнэ. Монгол Улс бол эзэнт гүрний туурь. Тиймээс түүхэн аялал жуулчлал ч гэсэн хөгжих боломжтой, түүнийг дагаад соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынханы боломж нэмэгдэнэ.
Монгол Улсад ирэх жуулчид Монгол Улсад ирж вакцинд хамрагдах боломжтой. Ихэнх улсад вакцинжуулалт 35-с доош хувьтай, ээлжээ хүлээж байгаа иргэд олон бий. Тиймээс Монгол Улсад жуулчид ирвэл бид онгоцны буудал дээр вакцинд хамруулж, 2-р тунгаа хийлгэх хүртэлх хугацаанд нь аялал жуулчлал, соёлын бүтээгдэхүүн үйлчилгээгээ үзүүлэх бүрэн боломжтой” гэв.