ОХУ-ын Карелийн бүгд найрамдах улсын Петрозаводск хотоос холгүй зорчигч тээврийн “Ту-134” онгоц осолдсоны улмаас 44 хүн нас барсан тухай “РИА Новости” мэдээлэв. Тус улсын Онцгой байдлын албаны мэдэгдсэнээр онгоцонд 52 хүн байсан.
Онгоцонд байсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргасан бөгөөд тэдний дунд хөлбөмбөгийн шүүгч Владимир Петтай байсан гэнэ. “Нас барсан хүмүүсийн цогцсыг таниулж эхлээгүй байгаа” гэж Карелийн эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Валентина Улич мэдэгджээ.
“Цаг агаар муу, манантай байсан нь ослын гол шалтгаан болсон. Москвагаас Петрозаводск руу нисэж явсан онгоц газар унаж, хэдэн хэсэг болсон” хэмээн холбогдох албаныхан мэдээлснийг “РИА Новости” дамжуулав.
Х.ОДОН