Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өчигдөр МҮХАҮТ-д зохион байгууллаа. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг 2005 онд шинэчлэн найруулж, 28 удаа их, бага хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хуулийн зохицуулалтын нэгдмэл цогц байдлыг алдагдуулахад хүргэжээ. Иймээс уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, ирэх долоо хоногт Засгийн газарт өргөн барихаар болсон аж. Одоогийн хуулиар захиалагч тал эрх эдэлж, гүйцэтгэгч нь үүрэг хүлээдэг байдлыг халж, талууд харилцан эрх тэгш байхаар шинэ хуульд тусгах гэнэ. Тендер шалгаруулалтад оролцогчид гүйцэтгэлийн баталгааг заавал банканд хүүгүй байршуулж буйг өөрчлөх хэрэгтэйг оролцогчид онцлов. Мөн хамгийн бага үнийн саналаар тендерт шалгаруулдгийг больж, илүү олон шалгуураар үнэлэх нь зүйтэй гэлээ. Түүнчлэн өртэй аж ахуйн нэгжүүдийг тендерт оролцуулахгүй гэсэн заалтыг өөрчлөн, уян хатан болгох шаардлага бийг зарим компанийн төлөөлөл хэлж байв. Хэлэлцүүлгийн үеэр Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “Одоогийн хүчин төгөлдөр хуулийн хүрээнд ойлгомжгүй, төвөгтэй олон асуудал үүсэж буйгаас шинэчлэн найруулах шаардлага гарсан” гэв. Сангийн яамнаас төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг боловсруулж буй аж. Эл түншлэлийг хэрхэн сайжруулж, үр дүнтэй болгох талаар олон нийтийг санал өгөхийг дэд сайд уриаллаа.
Бэлтгэсэн С.Дулам