Өмнөд Осетийн бүгд найрамдах улсын Батлан хамгаалах яамны 200 гаруй ажилтан Парламентын байр руу дайран орж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаарджээ. Тэд Ерөнхийлөгч Эдуард Кокойтыд ирэх сонгуульд нэр дэвших боломж олгохыг хүсэж байгаа юм. Учир нь Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэг хүн хоёроос дээш удаа нэрээ дэвшүүлэхийг хориглосон байдаг аж.
2001 оноос хойш Төрийн тэргүүнээр ажиллаж буй Эдуард Кокойты Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ч сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолгүй байгаа хэмээн мэдэгдсэн билээ.
Тус улсын Батлан хамгаалах сайдын орлогч, Төрийн хамгаалалтын албаны дарга нар Парламентын хуралдааны үеэр бүх нийтийн санал асуулга явуулж, Үндсэн хуулийг даруй өөрчлөхийг шаардсан байна. Парламентын гишүүд тэдэнд энэ асуудлыг холбогдох албаныхан үе шаттайгаар шийднэ гэж хэлсэн боловч тэд “Тэгвэл бид хүч хэрэглэнэ” гэжээ. Хэсэг хугацааны дараа тэд Парламентын байрнаас гарсан ч гудамжинд эгнэн зогссон аж. “БҮх зҮйл хэвийн” Болсон явдлыг Өмнөд Осетийн Ерөнхийлөгч тайлбарлахдаа “Бүх зүйл хэвийн. Парламентын байр руу дайран орсон хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
Гэхдээ энэ бүхнийг дэвэргэж, дуулиан дэгдээгээд байх шаардлагагүй. Бид ардчилсан улсад амьдарч байна. Иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй” гэсэн байна. Ерөнхийлөгчийн рейтинг ард түмний дунд өндөр байгааг энэ үйл явдал гэрчилж байна хэмээн тус улсын парламентын гишүүд үзэж байгаа бол нөгөө талаас энэ нь Эдуард Кокойты дараагийн сонгуульд өрсөлдөх эрх авахын тулд Батлан хамгаалах яамны ажилтнуудыг турхирсан гэх хүмүүс ч байна.
Үүний зэрэгцээ Эдуард Кокойты “Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвш үүлэхгүй гэж би хэлсэн. Тэр үгнээсээ буцахгүй” гэжээ.
Ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ямар нэгэн үймээн гарахгүй байх хэмээн найдаж буйгаа тэрбээр онцолжээ. Хууль сахиулагчдын мэдээлж буйгаар Цхинвалд одоо байдал тайван байгаа гэнэ.
Х.Од