Хэнтий аймгийн Батноров сумд цогцлоосон “Андлалын өргөө”-г зохиогчийн эрхийн маргаанаас үүдэн буулгасан нь саяхан. Улмаар "Хос санаа" 1.9 тэрбум төгрөгийг төсөвт буцааж төлсөн билээ. Тэгвэл "Андлалын өргөө"-ний сууринд иргэдийн хандиваар "Тэнгэрийн андлал" хөшөөг сүндэрлүүлсэн байна. Тэмүүжин Боорчи нарын анд барилцсан газрыг "Хөхүүрийн хөндий" хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Шинэ "Тэнгэрийн андлал" хөшөөг энэ уулын хөндийг сонгож барьжээ. "Тэнгэрийн андлал" хөшөөнд гурван гэрэл бичээс сийлжээ. Цусан тангараг буюу Монгол цэргийн тангаргийг монгол бичгээр бичсэн байна. Эзэн сан буюу Чингис хааны сан тахилга мөн бичих нь. Эцэст нь тэнгэрийн салхи буюу 700 жил болж байгаа цэргийн дууны үгийг хөшөөнд мөнхлөх аж.
Эх загварыг Монголын урчуудын эвлэлийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч А.Очирболд урласан бол гүйцэтгэгчээр нь “Боржин Суварга” ХХК ажилласан байна.
Мөн "Тэнгэрийн андлал" хөшөөг түшиглэн Монгол морьтон соёлыг дэлгэрүүлж сурталчлах ажлыг эхлүүлсэн гэнэ. Тухайлбал хөшөөг тойруулан морины найман зан үйлийн байгууламж барих аж.