“Аль-Каида” бүлэглэлийн удирдагч агсан Осама бин Ладений хаана нуугдаж байсныг АНУ-ын талд мэдээлсэн хүмүүсийг Пакистаны тусгай албаныхан баривчилжээ. “The New York Times” сонинд мэдээлснээр Абботтабад хотод Осама бин Ладений унаж байсан машины дугаарыг Пакистаны армийн түрүүч америкчуудад хэлсэн гэнэ. Түүнээс гадна Пакистаны тагнуулын албаныхан алан хядагчийн хаана амьдарч байсныг хэдэн жилийн турш нууж, мөн түүнд ямар нэгэн байдлаар тусалж байсан хэмээн АНУ үзэж байгаа юм. Тийм ч учраас Осама бин Ладенийг устгахад тусалсан пакистан цэргүүд, мөн түүний хаана байгааг мэдээлсэн хүмүүсийг баривчилсан хэмээн тэд онцолсон билээ. АНУ-ын Тагнуулын төв газрын тусгай төлөөлөгч Леон Панетта “Осама бин Ладенийг орогнуулж байсныг Пакистаны эрх баригчид мэдэлгүй өнгөрсөн нь хачирхалтай” гэж онцолсон бөгөөд удахгүй Исламабадад айлчлахдаа энэ талаар хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Осама бин Ладений хаана байгааг мэдээлээгүй нь удаан хугацааны турш хамтран ажилласан Америк, Пакистаны тагнуулчдын харилцаанд сэв суулгаад буй.