“Гоожингийн өндөр” хэмээх энэ хоёр давхар хуучин байшинг нурааж зогсоол барина гэж хэсэг хүмүүс гарын үсэг цуглуулж байгаа гэнэ. Гэтэл энэ барилгыг анх 1912-1914 онд Богд хаант Монгол улсын анхны ерөнхий сайд Т. Намнансүрэнд зориулан барьжээ.
Сүүлд Сангийн яамны “Гадаад хүүгийн хэлтэс” үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Оросын түшмэл Козин гэдэг мэргэжилтэн зөвлөхөөр ирж, энэ байшинд ажиллаж амьдарч байжээ. Тиймээс Монголчууд тэр хүний нэрийг монголчилж "Гоожин" гэж нэрлэсэн нь алсдаа "Гоожингийн өндөр" хэмээн нэртэй болжээ.
Уг байшинг 1918-1919 онд Сангийн яаманд шилжүүлэн өгч, зүүн Сэлбийн зүүн хэсэг, одоогийн 21 дүгээр сургуулийн зүүн хойно, Баянзүрх захын баруун урд хэсэгт шилжүүлэн авчирчээ. Энэ байшингийн нэг тасалгаанд Монголын хууль шастир хэвлэх газар байрлаж, тэнд 1919 онд Д.Сүхбаатар үсэг өрөгчөөр ажиллаж байв.
Хятадын түрэмгийлэгчид энэ байшинд Богд хааныг 1920 оны 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 14-нийг хүртэл буюу 50 гаруй хоног гэрийн хорионд байлгасан түүхтэй.
Хожим уг байшин Санхүүгийн техникумын оюутны дотуур байр, 21 дүгээр сургуулийн ажилчдын байр болсон ч өдгөө эзэнгүй хаягдаж хоцроод буй юм.
Гоожингийн өндөр нь тухайн үеийн хамгийн өндөр барилгад тооцогддог байсан бөгөөд хуучний дүр байдлаа хадгалсаар байгаа ч, өнгө зүс алдагдсан байдлаас нь болоод үүнийг нурааж, зогсоол болгох гэж байна.
Эх сурвалж: "Согоо"-гийн архиваас