Италийн Засгийн газрын гишүүд болон Төрийн тэргүүнд хуулийн өмнө хариуцлага хүлээлгэхийг хориглосон хуулийг цуцлах тухай санал асуулгын дүн гарчээ.
Уг санал асуулгад оролцсон хүмүүсийн 90 хувь нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд энгийн иргэдийн адил хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй гэж үзсэн байна. Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан, авлига авсан гэхчилэн тус улсын Ерөнхий сайд Сильвио Берлускониг тойрсон дуулиан газар аваад буй.
Эрх баригчдын эрх ашигт нийцүүлэн баталсан гэх дээрх хуулийг цуцалснаар С.Берлускони тэргүүтэй эрх баригчдын “дархан эрх” дуусгавар болж байгаа юм. Энэ нь сөрөг хүчнийхний нэр хүнд өсөж, сонгуульд ялалт байгуулах боломж бүрэлдэж буйн шинж хэмээн ажиглагчид онцолжээ. Үүний зэрэгцээ италичууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хүсэлтэй байна. АЦС шинээр барихыг хориглох, одоо ажиллаж буй станцуудын аюулгүй байдлыг сайтар шалгахыг эрх баригчдаас хүсэж байгаагаа тус улсын иргэд санал асуулгын үеэр илэрхийлсэн аж.
Санал асуулгын дүн гарсны дараа Ерөнхий сайд С.Берлускони ард түмнийхээ саналыг хүндэтгэх болно гэж мэдэгдсэнийг АР дамжуулав. “Цөмийн эрчим хүчнээс манай улс татгалзах нь бараг л тодорхой боллоо.
Өнгөрсөн зууны 80-аад онд баригдсан эдгээр станцууд байгалийн гамшиг, гэнэтийн осолд тэсэж гарах магадлал бага гэдэг нь үнэн”гэж тэрбээр хэлсэн бөгөөд Засгийн газрын гишүүдийн давуу эрхийг цуцлах талаар харин дуугүй өнгөрчээ.