Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос “Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Соёлын яамнаас Театрын музейд хүлээлгэн өглөө.
Үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Хүүхэлдэйн театр, Монгол Улсын Консерватори, Монголын Театрын музей зэрэг соёл урлагийн байгууллагуудын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 350 гаруй түүхэн ховор гэрэл зургуудыг дэлгэн үзүүллээ.
Гэрэл зургийн эл үзэсгэлэнгээр дамжуулан хүүхэд залууст соёл, урлагийн түүхэн үйл явцыг сурталчлах, танин мэдэхүйн мэдээллийг хүргэх цаашлаад гэрэл зургийн сэтгүүл болгож хөдөө орон нутагт түгээн дэлгэрүүлэх талаар хэлэлцүүлэг болж өнгөрлөө.
Тус үзэсгэлэн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд энэ оны зургадугаар сарын 30-нд нээлтээ хийж, 100 хоногийн хугацаанд олон нийтийн хүртээл болжээ.
Ташрамд дурдахад, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиож буй юм.
Бэлтгэсэн Б.Содгэрэл