Энэтхэгийн өмнөд хэсгийн Майсур хотоос холгүй орших нэгэн тосгон руу зэрлэг заанууд дайрсны улмаас нэг хүн нас барсан байна. Улайрсан заанууд замдаа тааралдсан бүхнийг дэвсэж байсан гэнэ. Хотын амьтны хүрээлэнгийн ажилтнууд, цагдаа, аврагч нартай хамтран улангассан заануудыг модонд хүлж, хүмүүсийг аюулгүй газарт аваачжээ.
Сүүлийн жилүүдэд тус хотод зэрлэг заан элбэгшиж, тариалангийн талбай руу дайран ногоог идэж сүйтгэх нь олширсон байна. Гэхдээ хүмүүс рүү дайрах нь ховор байжээ. Амьтан судлаачдын үзэж буйгаар заанууд зүгээр ч нэг дайраагүй, харин эсэргүүцлээ илэрхийлж буй нь энэ аж.
Тус хотод аж үйлдвэр хөгжиж, ой модыг огтлох нь ихэссэн. Ингэснээр зааны идэш тэжээл хомсдож, амьдрах орчин нь хумигдаж буй. Амьд үлдэх, амьдрах орчноо хадгалахын тулд заанууд эсэргүүцлээ илэрхийлж, тэмцлийн ийм аргыг сонгосон хэмээн мэргэжилтнүүд тайлбарлажээ.
Х.ОДОН