ЗТХЯ-аас Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. Тодруулбал,
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.2 км төмөр замын төсөл:
Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамарсан 416.2 км урт, 1 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 100 хувь, дээд бүтцийн үе угсралтын ажил 97.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү төслийн барилгын ажил дээр дулааны улиралд, ид ажлын үед нийт 146 ААН, 6,153 хүн хүч, 2,871 машин механизм ажиллаж байв. Төслийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэл, барилгын ажлыг ирэх оны 2 дугаар улиралд багтаан дуусгана.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замын төсөл:
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 96.2 хувь, дээд бүтцийн барилга угсралтын ажил 86.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төмөр замын барилгын ажил дээр өнөөдрийн байдлаар нийт 2280 хүн хүч, 752 машин механизм ажиллаж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг хамарсан 233.6 км урт, 2 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр зам ашиглалтад орсноор төмөр замын тээврээс 227 сая ам.долларын орлогыг бүрдүүлэх боломж бүрдэнэ. Жилд дунджаар 58.4 сая ам.долларын татварыг улсад төвлөрүүлж, шинээр 2000 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болно хэмээн албаныхан мэдээллээ.