“Алтан гадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг төр, цэргийн зүтгэлтэн, хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит болгох ёслолын ажиллагаа өчигдөр болов. Нэн тэргүүнд нэрэмжит болгосон тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон Батлан хамгаалахын сайдын тушаалыг хурандаа Б.Эрхэмбаяр тус ангийн захирагчид гардуулж өглөө. Бригадын генерал Л.Онцгойбаяр үүний дараа “Зэвсэгт хүчний химийн цэргийг хөгжүүлэхэд хошууч генерал Ч.Самбуу агсан маш их зүйлийг хийсэн гавьяатай хүн юм. Тэр бээр МАА-ийн химийн тусгай ротын захирагчаас ЗХЖШ-ын орлогч дарга, Цэргийн тагнуулын газрын дарга хүртэлх албан тушаалд дэвшин томилогдож ажилласан түүхтэй. Ч.Самбуу нь химийн хамгаалалтын тусгай батальоны захирагчаар таван жил ажиллахдаа дөрвөн жил дараалан армийн “Тэргүүний анги”-ийн болзлыг хангаж, тав дахь жилдээ “Онц анги” болсон юм. Уг амжилтыг нь төр, засгаас үнэлж, тухайн жилд нь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг “Алтангадас” одонгоор шагнаж байжээ” гэж тодотгов. Хошууч генерал Ч.Самбуу агсны гэргий Х.Аюурзана ёслолын ажиллагаанд оролцсон бөгөөд “Миний ханьтай хамт нэгэн цагт эх орныхоо төлөө зүтгэж байсан олон хүмүүс өнөөдрийн хүндэтгэлийн ажиллагаанд ирсэн байна. Түүний дан ганц химийн цэргийг хөгжүүлэх үйлсэд төдийгүй Монгол Улсын Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ийнхүү нэрийг нь мөнхжүүлж байна гэж бодож байна. Хань минь мөн Дайнд оролцогсдын ахмадын хорооны даргаар олон жил ажиллаж, ахмад дайчдын төлөө, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахын төлөө олон ажил хийснийг энд нэмж хэлэхэд таатай байна” хэмээн хэллээ.