Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Нагнайдорж нарын гар бичмэл, ном зохиол, гэрэл зураг, баримтат киноны дүрс бичлэг зэрэг эд өлгийн зүйлийг Үндэсний архивын сан хөмрөгт өнөөдөр хүлээн авлаа.
А.Шагдарсүрэн нь Эдийн засгийн салбарт тасралтгүй 50 гаруй жил ажиллажээ. Тэрбээр улс төр, түүх эдийн засаг, уран сайхны “Гэрээ засаад төрөө засмуй”, “Торгууд хаант улсын түүхэн товчоо”, “Дөрвөн найраглал, дөрмөсөн хадмал” зэрэг 40 гаруй бүтээл туурвижээ.
Харин найруулагч Б.Нагнайдорж нь Монголын уран сайхны болон баримтат 60 гаруй кино, төслийн ерөнхий найруулагчаар ажиллажээ. Тухайлбал, “20 дугаар зууны дэлгэц” телевизийн олон ангит нэвтрүүлэг, Улсын баяр наадмын ерөнхий найруулагч, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Б.Балжиннямтай хамтран “Мандухай цэцэн хатан” киноны найруулагч зэрэг олон бүтээл дээр ажилласан байна.
Үндэсний төв архивын сан хөмрөг нь Монголын ард түмний хөгжлийн түүхийг тусгасан эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрддэг. Ийнхүү өнөөдөр хоёр гавьяатын хувийн гаралтай баримтаар Үндэсний архивын сан хөмөргийг баяжууллаа.