Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй уулзав. Хүүхдийн оролцооны болон Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээ, Экпат Монгол сүлжээ, Хүүхдийн эрхийн форум, Нийгмийн халамжийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын сурагчдын холбоо, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын холбоо, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг, хүүхдийн асрамж халамжийн төвүүдийн төлөөлөл эл уулзалтад ирлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа уулзалтыг нээж Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг мэргэшсэн, цогц, гэр бүл төвтэй байх тухай хуульд заасан зарчмыг баримталж, төрийн үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа төрөөс хүн амын хөгжил хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, эрх зүйн шинэчлэлийн талаар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллах чиглэлийг, эцэст нь “Лантуун дохио” ТББ-ын Тэргүүн У.Ганбаяр төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, сайн туршлага, цаашид хамтран ажиллах саналыг танилцуулав.
Ингээд эцэст нь оролцогчид саналаа хэлжээ. Тэд
-Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих орчин, үйлчилгээг сайжруулах;
- Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад ТББ-уудтай хамтран ажиллах;
- ТББ-уудын дундын офисстой болж, мэдээлэл солилцох, харилцан туршлагаа хуваалцах боломжийг бий болгох;
- Нөлөөллийн ажлын салбар дундын стратегитэй байх;
- Нийгмийн ажлын статусыг нэмэгдүүлэх, мэргэжлийн үйлчилгээг дэмжих;
- Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг хэллээ.
Сайд өөр өөрийн сайн туршлагатай мэргэшсэн болон шинэ залуу олон байгууллага байгааг онцлоод, цаашид хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, ажиллахаа илэрхийллээ.