Олон улсын шатрын холбооны тэргүүн, Халимагийн Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов Ливийн нийслэл Триполид айлчилж байна. “М.Каддафийн ууган хүүтэй би уулзана. Тус улсын эрх баригчидтай ч уулзаж, ярилцах хүсэлтэй байгаа” хэмээн тэрбээр мэдэгдсэнийг “РИА Новости” дамжуулав.
Харин М.Каддафи түүнийг хүлээн авах эсэх нь тодорхойгүй байна. Францын Довиль хотод болсон Их наймын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев “НАТО болон Ливийн эрх баригчдын хоорондын харилцааг сайжруулахад манай улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ” хэмээн мэдэгдсэн билээ. Үүний зэрэгцээ ОХУ-ын тусгай төлөөлөгч Михаил Маргелов саяхан Ливийн Бенгазид очиж, нөхцөл байдалтай танилцсан юм.
Африкийн орнуудтай хамтарч ажиллах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч М.Маргелов “Тус улсад үүссэн үймээнийг “Аль-Каида” болон хэт даврагч бусад бүлэглэл зохион байгуулсан гэх сэтгэгдэл төрөхгүй байна. М.Каддафи өмнө нь ингэж хэлсэнтэй би санал нийлэхгүй.
Сөрөг хүчнийхэн дунд лалын хэт даврагч үзлийг баримталдаг хүмүүс байж болох юм. Гэхдээ тэдний дийлэнх нь улс орон, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байна” гэж хэлжээ.
ОХУ-ын төлөөлөгчид М.Каддафитай уулзаж, улс оронд нь болж буй иргэний дайны талаар хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргахад нь нөлөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг ажиглагчид онцлов.
Х.Чимэг