ХБНГУ-ын Сангийн сайд Вольфганг Шойбле Грек улсыг санхүүгийн хямралаас гэтлэхэд нь туслахаар олгоод байгаа тусламжийг хангалтгүй хэмээн үзэж буйгаа мэдэгджээ. Тэрбээр дахин санхүүгийн тусламж олгохгүй бол Грек улсад “бодитой эрсдэл” оршсоор байгааг онцолсон байна. Европын Төвбанк болон Олон улсын валютын сангийн удирдлагуудад хандсан захидалдаа Грек улсад дахин тусламж олгох хэрэгтэйг тэрбээр тэмдэглэжээ. Мөн Афинд өрөө төлөх боломж болоод хугацаа олгохын тулд бондын своп хэлцлийн гэрээ байгуулахыг санал болгосон аж.
Өнгөрсөн жил Грект 110 тэрбум еврогийн тусламжийн багц олгохоор зөвшилцсөн билээ. Хэсэг хэсгээр олгох энэ тусламж нь хангалтгүй бөгөөд “Грект нөхцөл байдал маш хүнд байна” хэмээн Шойбле захидалдаа тодотгожээ. “Одоо хэрэгжиж буй хөтөлбөрийн дагуу Грек улс 2012 он гэхэд капиталын зах зээлдээ эргэн ирэх нь боломжгүй санагдаж байна. Яагаад гэвэл одоогийн тусламжийн багц Грекийн санхүүгийн хэрэгцээнд хангалтгүй юм. Тиймээс Грекийг хямралаас гаргах шинэ хөтөлбөр хэрэгтэй гэж би бодож байна” хэмээжээ.
Гэхдээ татвар төлөгч, хувийн хөрөнгө оруулагчид аливаа тусламжийн дарамтыг үүрдэг учраас өөр арга зам хэрэгтэйг Шойбле онцолжээ. Тэрбээр бондын своп хэлцлийг илүүд үзэж буйгаа дурдаад, ингэснээр Грек улс шаардлагатай шинэчлэлийг хийж, зах зээлээ сэргээж чадна хэмээн үзжээ. Өнгөрсөн долоо хоногийн эцсээр Европын Сангийн сайд нар, Олон улсын валютын сангийн удирдлагууд өмнөх жил баталсан 110 тэрбум еврогийн дараагийн хэсгийг ирэх долдугаар сард олгохоор зэхэж буйгаа мэдэгдсэн.
Вольфганг Шойблегээр зогсохгүй Европын холбооны Сангийн сайд нар ч Грект дахин тусламж хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байгаа аж. Евро бүсийн Сангийн сайд нарын бүлгийн тэргүүн Жан-Клод Юнкерийн үзэж буйгаар Афин төсвийн алдагдлаа бууруулахаар нэлээд арга хэмжээ авч буйн хариуд нэмэлт тусламж үзүүлэх хэрэгтэй гэнэ. Энэ сарын 19-20-нд Европын холбооны Сангийн сайд нарын ээлжит уулзалт болно. Грект нэмэлт тусламж үзүүлэх асуудлыг энэ үеэр батална гэж итгэж буйгаа Шойбле тэмдэглэжээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН