Германы жимс жимсгэнэ, хүнсний ногооны “Werder Frucht” компанийн ажилчид тун завгүй байгаа тухай CNN агентлаг мэдээллээ. Гэхдээ тэд бүтээгдэхүүнээ борлуулахаар биш, устгахаар ийн ажиллаж байгаа аж. Эшерих коли нянгаар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин Европын орнуудад гарсантай холбогдуулан тус компанийн удирдлага ийм арга хэмжээ авч байна.
Энэ долоо хоногт гэхэд л тус компани 270 тонн улаан лооль устгасан бол британичууд Эшерих колигийн улмаас 23 сая фунт стерлинг зарлагадаад байна. Мөн Европын холбоо уг өвчинтэй тэмцэхэд зориулан 220 сая долларын хөрөнгө гаргах шийдвэрийг өнгөрсөн мягмар гаригт гаргажээ.
Испани, Герман, Их Британи зэрэг томоохон гүрэн гэдэсний халдварт өвчинтэй тэмцэхэд хөрөнгө гаргаж, Германы Эрүүл мэндийн сайд “Бид эл өвчнийг бүрэн дарж чадаагүй байгаа ч статистик үзүүлэлт найдвар байгааг харууллаа” хэмээн мэдэгдсэн ч өвчний дэгдэлт намжихгүй байгаагаар үл барам шинэ тохиолдлууд илэрсээр байгаа нь европчуудын сэтгэлийг түгшээж байна.
О.УНДАРМАА